Төсвийн алдагдал эрсдэл дагуулна

Хуучирсан мэдээ: 2013.05.09-нд нийтлэгдсэн

Төсвийн алдагдал эрсдэл дагуулна

Эдийн засаг өсч, инфляци буурч, ажлын байр нэмэгдэж, амьдрал сайхан болох нь гэж улстөрчид омогшиж, иргэд тайвширч  байгаа ч муу амлахаас өөр арга алга. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд төсвийн алдагдал ДНБ-ий хоёр хувиас хэтрэхгүй гэж заасан байдаг. Гэвч орлогоос зарлагаа давуулан баталдаг харалган төсвийн балгаар энэ жил төсвийн нийт алдагдал ДНБ-ий зургаан хувь, тэнцвэржүүлсэн төсвийн алдагдал ДНБ-ий долоон хувьд хүрэхээр байгааг Дэлхийн банкны ахлах эдийн засагч Таэ Хьюн Ли онцоллоо. Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубын гишүүн сэтгүүлчдэд Таэ Хьюн Ли “Монгол Улсын төсвийн байдал, сорилтууд” сэдвээр сонирхолтой итгэл тавьсан юм.

МӨЧЛӨГ ДАГАЖ  “НАМИРДГААС” БОЛЖ…

Эдийн засаг хоёр оронтой тоонд өсч, биднийг баясгаж буй ч сүүлийн гурван жилд төсвийн алдагдал ихэсчээ. Ялангуяа энэ онд сүүлийн 13 жил байгаагүй алдагдал гарах эрсдэлтэйг Дэлхийн банкны эдийн засгийн тойм судалгаанд дурджээ. Тэгвэл үүний шалтгааныг Таэ Хьюн Ли “Төсвийн орлогыг бодитой бус хэтэрхий өндөр төлөвлөж, орлого нь саарсан ч зарцуулалтаа хумиагүй учир төсвийн алдагдал ийнхүү “гаарч” байна” гэв. Дэлхий нийтийн жишигт үүнийг мөчлөг дагасан бодлого гэж нэрлэдэг. Орлого их байх тусам зардлаа тэлж, төсвөө түнтийлгэдэг муухай зан. 2011, 2012 онд буюу төсвийн орлого их, эдийн засгийн өсөлт 13-17 хувьд хэлбэлзэж байх үедээ манай улс төсвөө улам л тэлж, зарлагаа ч нэмэгдүүлж байсныг тэрбээр шүүмжилсэн. Уг нь тухайн үед улстөрчид ухаан зарж чадсан бол манай улс зардлаа хумиж, Тогтворжилтын сандаа хөрөнгө төвлөрүүлж, эдийн засаг “муудсан” үедээ ашиглах ёстой байсан. Дэлхий нийтийн жишигт ч эрсдлээс ингэж сэргийлдэг туршлага байдаг аж. Гэтэл манай улс өнгөрсөн жилүүдийн алдаагаа 2013 онд ахиад л давтаж байгааг судалгаа тод харуулж байна. Дэлхийн банкнаас гаргасан Монголын эдийн засгийн тойм судалгаанд дурдсанаар манай улс энэ оны төсвийн батлагдсан орлогоо бодит байдлаасаа 15-20 хувь хэтрүүлж тооцсон аж. Тухайлбал, 2010 онтой харьцуулахад энэ онд аж ахуйн нэгжийн албан татварыг 65.1 хувь, импортын нэмүү өртгийн албан татварыг 47.3 хувь, онцгой албан татварыг 90 хувь  хүртэл өсөлттэй байна. Гэтэл бодит байдал дээрээ энэ өсөлт харьцангуй бага байгаа юм. Дээр нь энэ онд хийх хөрөнгө оруулалтын зардлаа жилийн дотор 80 хувиар, 2003 оноос хойш 35 дахин  өсгөсөн нь их эрдсэл үүсгэж байгаа ажээ. Зарлагаа ч мөн орлогоосоо өөдрөг давуулж төсөвлөсөн учир төсвийн алдагдал үүсэх эрдсэлтэйг эдийн засагчид хэлж байна.

БАЯЛГИЙН САНГИЙН СУРАГ АЖИЛ ХЭРЭГ БОЛООСОЙ

Манай улсын ДНБ-ий 17 хувь, төсвийн орлогын 16 хувь нь эрдэс баялгийн орлогоос шууд хамаардаг. Манай экспортын 91.3 хувийг уул уурхайн салбарын бүтээгдэхүүн эзэлж байна. Нэг ёсондоо нүүрс, зэс, төмрийн хүдэр гэх мэт дэлхийн эдийн засагт ихээхэн савлагаатай байдаг хэдхэн төрлийн эрдэс баялгийн бүтээгдэхүүнээс хамаардаг гэсэн үг. Дэлхийн эдийн засагт эдгээр бүтээгдэхүүний үнэ жилд 20 хувиас илүүгээр хэлбэлздэг аж. Тэгэхээр ямар нэг шок гарвал бид амаа ангайлгаад харж сууж байгаад л модоо барихаас өөр сонголтгүй байгаа юм. Манайхтай эдийн засгийн бүтцийн хувьд төсөөтэй Чили, Ботсвана зэрэг улс эдийн засагт үүсэх шокоосоо урьдчилан сэргийлэхийн тулд баялгийн буюу хуримтлалын сантай байдаг аж. Тэд дэлхийн эдийн засагт зэсийн үнэ өндөр байх үед төсвөө тэлэлгүй хуримтлалаа үүсгэжээ. Тухайлбал, Ботсвана улс 1984-1992 онд төсөвтөө хуримтлал бүрдүүлж, үүгээрээ 2008-2009 оны хооронд дэлхийн эдийн засгийн хямралыг давж чаджээ. Чили улс ч мөн адил 2008 оны хямралын үед баялгийн сандаа ДНБ-ийхээ долоон хувьтай тэнцэх хөрөнгийг хуримтлуулсан аж. Үүгээрээ төсвийн алдагдлынхаа 4-5 хувийг санхүүжүүлсэн байна. Тэгвэл манай улс ийм зориулалттай Төсвийн тогтворжилтын санг хоёр жилийн өмнө байгуулсан. Тус санд одоогоор 300 орчим тэрбум төгрөг буюу ДНБ-ий хоёр хувьтай тэнцэх мөнгө л хуримтлуулсан байгаа аж.  Энэ нь хямрал үүсэх үед хаанаа ч хүрэхгүй бага мөнгө. Муугаар бодоод хямрал хаалга тогшлоо гэхэд бидэнд хөл алдаад буй хөрөнгө оруулагчид зээл өгөх нь байтугай нүүрээ буруулж, зүсээ хувиргаад зугатах нь мэдээж.Орлогогүй, ядуу хүнд мөнгө зээлж алдах тэнэг хүн хаана ч байхгүй. Гэхдээ Сангийн яам Ерөнхийлөгчийн тамгын газар хамтран ажлын хэсэг гарган Монгол Улсад тохирох баялгийн санг бий болгохоор судалж байгаа сайн мэдээ байна. Ямартай ч үүнийгээ ажил хэрэг болговол, эдийн засгаа эрсдлээс сэргийлэх чухал алхам болж, дэлхий нийтийн жишигт ч ойртоно.

ИРГЭДИЙН ХАЛААСНААС ГАРЧ БУЙ МӨНГИЙГ УХААЛАГ ЗАРЦУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Төсвөөс гадуурх зардал болох Чингис бондын хөрөнгө, Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүд, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн мөнгийг нэмбэл төсвийн алдагдал ДНБ-ий 13 хувьд хүрнэ гэсэн тооцоог Дэлхийн банкнаас гаргажээ.  Чингис бонд нь Засгийн газрын шууд зээллэг буюу өр учир бондын хөрөнгөөр санхүүжүүлж буй төслүүдийг төсвийн зарцуулалтад бүртгэх ёстой гэж эдийн засагч Таэ Хьюн Ли хэлсэн. Мөн Хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй төслүүдийн 50 орчим хувь нь орлого бий болгохгүй төсөл гэнэ. Тэгэхээр төсвийн зардал гэдэг нь татвар төлөгчдийн мөнгө гэсэн үг. Нэг ёсондоо Чингис бондын өрийн бичиг болон бусад төслүүдийн зардлыг бидний үр хүүхдүүд төлөх юм. Тиймээс эдгээр зардлыг төсөвтөө тусгаж, хяналтыг нь сайн хийхийн чухлыг Таэ Хьюн Ли анхааруулсан. Дээрх төслүүдийн худалдан авалт, үнэлгээ, гэрээлэх, хяналт сул байгааг ч хэлсэн. Түүнчлэн нэг дор олон том төслүүдийг эхлүүлж, хөрөнгө оруулалтаа эрс нэмэгдүүлж байгаа энэ их ачааллыг зарим салбар даахгүй, хүч мөхөстөх эрсдэлтэй гэнэ. Тухайлбал, барилгын салбарт хэт их ачаалал ирснээс боловсон хүчин дутагдах, цаашлаад барилгын материалын хомсдол бий болгож, үнэ хөөрөгдөх эрсдэлтэй гэдгийг тэд хэлсэн. Түүнчлэн эдийн засгийн дунд хугацааны төлөвлөлт гаргахдаа орлого, зарлагаа бодитоор нь тооцож, мөчлөг сөрсөн бодлого явуулж, хуримтлал үүсгэх нь чухал гэдгийг Дэлхийн банкны эдийн засгийн тойм судалгаанд онцолжээ.

Б.УУГАНБАЯР

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж