“Coke’n beat 2013” наадмыг энэ жил М-Си-Эс компанийн Кока-Кола брэнд, “Total music” Yamaha брэнд, ETV телевиз хамтран зохион байгуулах нь ээ. Наадам зургаан шаттай явагдах ба ирэх долдугаар сарын 13-нд ялагчаа зарлана. Энэ жилийн наадмын бас нэгэн онцлог бол оролцогчдыг шүүхдээ шат бүрт гурваас дөрвөн мэргэжлийн уран бүтээлчийг урьж, оролцуулан үзэгчдийн шүүлтийг сошиал медиа хэлбэрээр авна гэсэн шүү. Мөн энэ удаагийн “Coke’n beat 2013” наадмыг ялагчийг Coca Cola брэндээс ивээн тэтгэх 20 сая төгрөгийн тэтгэлгийн гэрээ дагалдах бөгөөд үүнд, нэг дуу, нэг клипийг нь хийж өгөхөөс гадна тухайн хамтлагийн цомгийг ивээн тэтгэж, тоглолтыг нь зохион байгуулан М-Си-Эс Кока Кола компанийн сурталчилгааны нүүр царай болгох юм байна. Наадмын нэгдүгээр байр нэг сая төгрөг, 20 сая төгрөгийн ивээн тэтгэлгийн гэрээ, “Asian beat” наадамд оролцох эрх, хоёрдугаар байр 800 мянган төгрөг, гуравдугаар байр 600 мянган төгрөг, дөрөвдүгээр байр 400 мянган төгрөгийн эзэд болох аж. Сонирхуулахад, “Asian beat” наадам ирэх арваннэгдүгээр сард Индонезид болох ба Азийн есөн орны хамтлаг, дуучин хүчээ үзэх юм.
“Coke’n beat 2013” наадмын нээлт энэ сарын 11-нд 17.00 цагт “iLoft Function House”-д “Asian beat 2011” наадмын “Шилдэг дуу хоолой” шагналын эзэн “The Compass” хамтлаг, “Asian beat 2012” наадмын III байрны шагналт “U.F.O” хамтлагуудын хамтарсан тоглолтоор эхлэх нь ээ.