
Ялалтын түүхт 68 жилийн ойн энэ өдөр ахмад дайчдад олгох орон сууцны дэмжлэгт зориулсан 35 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн тусламжийн батламжийг өнөөдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд гардууллаа.
Дайнд оролцож явсан ахмад дайчдын нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор “Дайнд оролцсон настнуудын талаар авах арга хэмжээний тухай” Ерөнхийлөгчийн 170 дугаар зарлигаар 2008-2011 онд нийт 1627 ахмад дайчинд орон сууц олгож, улсын төсвөөс 56,7 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Мөн төрөөс ахмад дайчдад сар бүр 200 мянган төгрөг, жилд нэг удаа орон сууцны үнийн хөнгөлөлт, рашаан сувилал, замын зардлыг хөнгөлдөг байна.
Энэ оны улсын төсөвт ахмад дайчдын орон сууцны дэмжлэгийн хөрөнгө болох нэг тэрбум 50 сая төгрөгийг суулгасан бөгөөд нэг ахмад дайчинд 35 сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж өгөхөөр шийдвэрлэсэн байна.
Өнөөдөр ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ ахмад дайчид, тэдний гэр бүлийнхнийг хүлээн авч, нийт 21 ахмад дайчинд олгох буцалтгүй тусламжийн батламжийг гардууллаа.
