Дэлхийд нэр хүндтэй томоохон корпорациуд жил бүр өрсөлддөг “Global CSR”буюу “Компанийн нийгмийн хариуцлагын дэлхийн шагнал” олгох олон улсын шалгаруулалтаас Монголын Энержи Ресурс компани шагнал хүртсэн байна. Зөвхөн энэ жил л гэхэд дэлхийн 500 гаруй компани материалаа ирүүлэн өрсөлдсөн уг шалгаруулалт нийт 5 төрөлд явагддагаас Энержи Ресурс компани “Ажлын байрны орчин нөхцлийг хангагч шилдэг компани”-ийн төрөлд тэргүүлжээ. Ажиллагсдынхаа эрүүл, аюулгүй, тав тухтай ажиллаж, амьдрах нөхцлийг хэрхэн хангасныг нь олон улсын шүүгчдийн бүрэлдэхүүн нарийн шалгуураар үнэлж, дүгнэсний эцэст ялагчдыг тодруулдаг байна. Энэ талаар Блүүмберг, Acnnewswire, Marketwatchзэрэг дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд дэлгэрэнгүй мэдээлсэн юм. Ийнхүү монгол компани нийгмийн хариуцлагын үйл ажиллагааныхаа түвшнээр эх орныхоо нэрийг гаргаж, олон улсад өндрөөр үнэлэгдэж чадлаа.
Шалгаруулалтын тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахаар бид Энержи Ресурсын холбогдох албаны хүмүүстэй уулзаж, тодруулсан юм.
Энержи Ресурс ХХК-ийн Байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан Дэд ерөнхийлөгч Ш.Байгалмаа:
– Манай компанийн хувьд ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдал нэн тэргүүнд тавигддаг. Хөдөлмөрийн эрүүл ахуйч мэргэжилтнүүд тухайн ажлын байр нэг бүрт нарийвчилсан зураг авалт, судалгаа шинжилгээ хийж, ажил хийх явцад үүсч болзошгүй эрсдлүүдийг нэг бүрчлэн тодорхойлдог. Уурхайн оператор, жолооч, засварын инженер гээд бүх ажлын байрнуудыг ийм байдлаар судалж, тодорхойлно. Үүнийхээ үндсэн дээр тухайн эрсдлүүдийг бууруулах, үгүй болгох арга хэмжээг системтэйгээр авч хэрэгжүүлдэг. Ингэж осол, аюулыг бий болсных нь дараа биш болохоос нь өмнө урьдчилан сэргийлж, шалтгааныг үгүй болгох нь ажиллагсдын аюулгүй байдлыг хангах хамгийн том нөхцөл юм. Global CSR шагналын шалгуурыг хангахад эдгээр системтэй ажиллагаа нөлөөлсөн гэж ойлгож байна.
Энержи Ресурс ХХК-ийн Компанийн нийгмийн хариуцлага, орон нутгийн харилцааны газрын дарга З.Сугармаа:
– Global CSR шалгаруулалтад бид өнгөрсөн жил анх удаа эх орноо төлөөлөн оролцож, сүүлчийн шатанд шилдэг 6 оролцогчийн нэгээр тунаж үлдэж байсан. Энэ жил “Ажлын байрны орчин, нөхцлийг хангагч шилдэг компани” категорит шалгарч, шагнал хүртсэндээ маш их баяртай байна. Нийгмийн хариуцлагын чиглэлээр бидний хийж байгаа ажил улам чанаржиж, амжилтаа ахиулж байгаагийн илрэл болов уу гэж бодож байна. Энэ жилийн тухайд бид ажиллагсдынхаа эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр хийж хэрэгжүүлсэн ажлуудаараа уг шагналд нэр дэвшсэн. Уул уурхай бол өөрөө хүнд үйлдвэрлэлийн салбар. Тэгэхээр тэнд ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдал, ажил, амралтын орчин нөхцөл, цаашлаад хөдөө шилжин суурьшихаар ирж байгаа ажиллагсдын үр хүүхдүүдийн боловсрол гээд олон асуудал яригддаг. Энэ бүгдийг шийдвэрлэхийн тулд манай компани Өмнөговь аймагт орон сууцны хороолол барьж байгуулж, сургууль, цэцэрлэгийн орчин үеийн цогцолбор байгуулахаас аваад маш их хөрөнгө оруулалт хийсэн. Манай уурхайн ажиллагсдын төв кэмп л гэхэд 650 хүний багтаамжтай, Монголдоо анхдагч, архитектурын өвөрмөц, цогц шийдэлтэй, хүний амралтын орчин нөхцлийг дээд зэргээр хангасан байдаг. Манай компани хийсэн бүтээснээрээдэлхийн олон компаниуд дундаас шалгарч чадсан нь бидний хувьд их том бахархал болж байна.
Global CSR шалгаруулалтыг The Pinnacle Group International байгууллагаас 5 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд компанийн нийгмийн хариуцлагын чиглэлд явагддаг олон улсын, тэр дундаа Ази-Номхон далайн бүсийн хамгийн нэр хүндтэй арга хэмжээнүүдийн нэг юм. Энэ жилийн шалгаруулалтын шагнал гардуулах ёслолын ажиллагаа Филиппиний Давао хотод зохион байгуулагдаж, олон улсын 150 гаруй зочин, төлөөлөгч оролцжээ. Энэ жилийн шалгаруулалтын бусад категориудад Petron, FedEx, 3M, Western Union, P&G зэрэг дэлхийн нэр хүндтэй, томоохон корпорациуд шалгарсан байна.