
-Энэ жил хичнээн километр автозамыг засч, шинэчлэх вэ?
-Төлөвлөгөө ёсоор нийт 106.6 километр замыг засч, шинэчилнэ. Нийслэлийн төсвөөс 154 тэрбум, Хөгжлийн банкны санхүүжилтээр 80 тэрбум, Чингис бондын санхүүжилтээс 200 сая ам.долларыг энэ жилийн зам засварын ажилд зарцуулахаар болсон. Нийт 350 тэрбум төгрөг гэсэн үг. Энэ жилийн замын засвараа ажлаа бид харьцангуй эрт эхлүүлээд байгаа.
-Хотын захын хорооллын замын нөхөөсний ажил хэзээ эхлэх вэ?
-Өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татвараас төвлөрсөн мөнгийг замын нөхөөс хийх ажилд зарцуудаг. Нөхөөс хийх нарийвчилсан төлөвлөгөөг хариуцах байгууллагуудад хүргүүлсэн байгаа. Тендер зарлаж, захирамж гаргасны дараа замын нөхөөсний ажил эхэлнэ.
-Зуслангийн замуудыг энэ зун засварлах уу?
-Шарга морьтын зуслангийн замыг дөрвөн эгнээтэй болгож, шинэчлэх байсан. Гэтэл өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банк энэ ажлыг санхүүжүүлж чадахгүй гэсэн шийдвэр гаргасан. Тиймээс зуслангийн замын ажил зогсонги байдалд ороод байгаа. Нийслэлийн төсвийн тодотголыг энэ сарын 20-нд хэлэлцэх үеэр энэ замын санхүүжилтийн асуудлыг хэлэлцүүлэх төлөвтэй байгаа.
-Мөнгө хэмнэж, цаг хожих үүднээс зарим тендерт шалгарсан компаниуд замыг чанарын шаардлага хангахгүй төвшинд засч, янзалдаг. Улсын комисс ямар шалгуураар засварласан замыг хүлээж авах вэ. Шаардлага хангахгүй зам барьсан компаниудад ер нь ямар хариуцлага тооцдог юм бэ?
-Зам засварыг хэрхэн хийж гүйцэтгэснийг улсын лабораторийн ажилтнууд шалгаж, шаардлага хангасан эсэхийг цаг тухайд нь хянаад явна. Замын чанар, эдэлгээг шалгах техник хэрэгслийг энэ жил шинэчилсэн байгаа. Цаг хугацаа хожимдуулж ашиглалтад өгсөн, чанарын шаардлага хангахгүй зам тавьсан компаниудыг “хар дэвтэр”-т бичиж, дахин тендерт оролцох эрхийг нь хасна.
-Урьдчилсан тооцоогоор бол энэ жилийн зам засварын ажил хэзээ дуусах вэ?
-Чухал ач холбогдолтой замыг улсын баяр наадмын өмнө буюу долдугаар сарын 10 гэхэд засч дуусгана. Харин наадмын дараагаас наймдугаар сарын 30 хүртэл дараагийн шатны ажлуудыг хийнэ. Наймдугаар сарын 30 гэхэд нийслэлийн сургууль, цэцэрлэгийн өмнөх замын ажил дуусна. Ерөнхийдөө бол аравдугаар сарын 31 гэхэд төлөвлөсөн замуудаа засварлаж дуусах ёстой.