Төрийн зөвлөлийн гишүүний айлчлал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.05.08-нд нийтлэгдсэн

Төрийн зөвлөлийн гишүүний айлчлал эхэллээ

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жэчигийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэллээ. Өнөөдөр үдээ өмнө Монголд хүрэлцэн ирсэн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жэчи айлчлалынхаа эхэнд Шадар сайдтай уулзлаа.

Монгол Улсын Шадар сайд, Монгол, Хятадын худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан технологийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагва БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жэчитэй өнөөдөр үдээс хойш албан ёсны хэлэлцээ хийв.

Хэлэлцээний үеэр талууд Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, улс төр, худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, соёл боловсрол, хүмүүнлэгийн салбарын өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож ярилцав. Сүүлийн жилүүдэд хоёр талын хооронд бүхий л салбарын хамтын ажиллагаа өргөжин гүнзгийрч байгааг талууд санал нэгтэй тэмдэглэсний зэрэгцээ хамтын ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор дэд бүтэц, зам тээвэр, уул уурхайн салбар дахь хамтын ажиллагааны тодорхой асуудлуудыг өргөн хүрээнд хэлэлцэв.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жэчи Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд маргааш Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Л.Болдтой уулзалт хийнэ гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж