Уг төслийн хүрээнд нэг дуучин, нэг хөгжимчин амьдаар дуулж, хөгжимдөх ба 16 уран бүтээлчийн амьд дуулалттай тоглолтын найман видео бичлэгийг ямар ч засвар өөрчлөлтгүйгээр үзэгчдэд толилуулахаар зэхээд байгаа гэнэ. Тэдгээр бүтээлийг долоо хоног бүр нэг нэгээр нь үзэгчдэд хүргэх нь ээ.
“Pro Sound” студийн дууны найруулагч Рагутай түүний санаачилсан “The Mongolian Live Sessions” төслийн талаар ярилцлаа.
-Төслийнхөө нээлтийг хийж байгаад баяр хүргэе. Төслөө танилцуулахгүй юу?
-Миний хийсэн “The Mongolian Live Sessions” төсөл бол дуучин, хөгжимчин хоёр хэрхэн амьдаар дуулж, бүтээлээ хүргэж байгааг дүрсжүүлэх зорилготой. Ний нуугүй хэлэхэд, манай зарим дуучдыг хүмүүс жинхэнэ дуучин мөн үү, биш үү гэдэгт эргэлздэг. Олон хамтлаг, дуучид шинээр төрч байгаа ч шинэ Б.Сарантуяа, шинэ Д.Болд, Нандинцэцэг байна уу? Энэ асуулт асуудал болоод байна. Манай төсөл дээр уран бүтээлчид зөвхөн амьдаар дуулж, хөгжимдөнө. Ямар ч аранжровк, засвар байхгүйгээр. Бүх зүйл “амьд”.
-Төслийн багт Монголын шилдгүүдийг багтааж чадсан харагдаж байна. Уран бүтээлчдийн сонголтыг хэрхэн хийсэн бэ?
-“The Mongolian Live Sessions” төсөлд “Харанга” хамтлагийн гоцлол дуучин Х.Лхагвасүрэнтэй “Никитон”-ы гитарчин Өөжгий, дуучин Д.Болдтой “Арга билэг” хамтлагийн ахлагч, төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх, Зууны манлай эстрадын дуучин, Гавьяат жүжигчин Б.Сарантуяатай “White art”-ын гитарчин Д.Мөнх-Оргил, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнтэй Монголын номер нэг ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, реппер Rokit Bay-тэй хамгийн сайн хип хоп DJ Заяа, “Sweetymotion”-той төгөлдөр хуурч Б.Чинбат, “A Sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэнтэй соло гитарчин Ц.Алтангэрэл буюу Атка, Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондогтой “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин А.Болорхүү гээд бүгд Монголын шилдэг дуучид, хөгжимчид оролцоно.
Өмнө нь Монголд ийм олон алдартай дуучид, хөгжимчдийг нэгтгэсэн төсөл хэрэгжиж байгаагүй. Бүгд тус тусдаа уран бүтээлээ хийж байсан. Яагаад энэ төсөл чухал вэ гэхээр, одоо студи дээр нэг юм уу, дөрвөн мөрөөр дуулж бичүүлдэг уран бүтээлчид чухал биш болсон. Та нар хараарай, youtube сайт дээр байгаа “Live Sessions” бичлэгүүд ямар гоё гээч.
-Яагаад дуучин Т.Ариунаа, “Никитон”-ы Б.Батчулуун гээд зарим сайн уран бүтээлчид энэ төсөлд багтаагүй юм бэ?
-“The Mongolian Live Sessions II”-ыг хийнэ гэж төлөвлөсөн учраас. Тэнд Ариунаа, Бачка, реппер Gee, The Lemons гээд бусад уран бүтээлчдийг багтаах санаа байгаа. Анхныгаа хийж, үзэгчдэд хүргээд хоёр дахь төслийн ажилдаа орно. Би энэ төслөө амжилт олно гэдэгт итгэлтэй байгаа.
-Дуучид ямар дуу сонгосон бол?
-“Соёл-Эрдэнэ” хамтлаг, дуучин Б.Бадар-Ууган агсны бүтээлээс гэхчлэн дандаа хит дуунууд дуулж байгаа. Зарим нэгэн дуучид өөрсдийн хит дуугаа ч дуулна. Дууны сонголт одоохондоо нууц.
-Клипний ажлыг ямар студи, продакшнтай хамтран хийж байгаа вэ?
-“TJ entertainment”-ынхан клипний зураг авалтыг дөрвөн камераар хийж байгаа. Спонсороор “Номин констракшн” ажиллаж байгаа.
-Төсөл хэрэгжсэнээр найман клип шинээр хийх юм байна. Хэзээнээс эхлэн үзэгчдийн хүртээл болох вэ? Эхний уран бүтээлийн эзэд хэн байх бол?
-Өнөөдөр орой /05.08/ 18.00 цагаас хойш эхний клипийг youtube.com/MongolianLive, www.twitter.com/MongolianLive www.facebook.com/MongolianLive, www.instagram/MongolianLive гэсэн сошиал медиагаар дамжуулан үзэгчдэд хүргэнэ. Эхний уран бүтээл бол “Sweetymotion” хамтлаг, төгөлдөр хуурч Б.Чинбат нарын хамтын бүтээл “Алтан намар” дууны клип. Эхний долоо хоног клип зөвхөн сошиал медиа хэлбэрээр үзэгчдэд хүрч, дараа долоо хоногоос гэрээний дагуу “UBS Music” сувгаар үзэгчдэд хүргэнэ. Дараагийн клипүүд мягмар гариг бүрийн 11.00 цагт үзэгчдийн хүртээл болно. Эхний дөрвөн клип бараг бэлэн болсон байгаа. Хэний ямар уран бүтээл вэ гэдгийг тухайн үед нь хараарай. Энэ төсөл үзэгчдийн хувьд тэр чигээрээ сюрприз байх болно. Клип бүр өөр өөрийн гэсэн онцлогтой байгаа.
-Яагаад зөвхөн “Social media” хэлбэрээр түгээхээр болсон юм бэ?
-Сошиал медиа бол хамгийн чухал. Яагаад гэвэл, одоо телевиз үздэг хүмүүс байгаа ч бүх хүмүүс фейсбүүк, твиттер, инстграм, youtube байнга ашигладаг болсон. Хэрвээ хүмүүс youtube үздэггүй байсан бол сая хит болсон “Gangnam style” тийм их амжилтад хүрэхгүй л байх байсан. Youtube үүгээрээ л хүчтэй. Гэхдээ манай компаниуд инстграм, твиттер, facebook ертөнцөд ямар ч маркетинг хийгээгүй. Дандаа хуучин загвар, хэв маягтай муухан рекламууд телевизээр явж байна. Хүмүүс телевиз үзэж байгаад рекламны чанарыг голж, сувгаа сольдог. Тиймээс бидний төсөлд ийм сонирхолгүй зүйл биш илүү сонирхолтой маркетинг хэрэгтэй байсан. Хамгийн мундаг сошел маркетингийн компани болох “CCCP”-тэй хамтран ажиллаж байгаа. Одоо цомог биш, сошиал медиа л чухал шүү дээ. Реалити хэлбэрээр бүгд youtube дээр гарах учраас цомог гаргах талаар бодоогүй байгаа. Би сошиал медиаг нэгдүгээрт тавьдаг.