Зээлийн хэлэлцээрийн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2013.05.08-нд нийтлэгдсэн

Зээлийн хэлэлцээрийн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэнэ

Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2013.05.08/ хуралдаж Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хороо өөрийн эрхлэх асуудлын чиглэлээр Монгол Улсын аюулгүй байдал, гадаад бодлоготой хамааралтай цөөнгүй хуульд өөрчлөлт оруулах асуудлыг үндсэн чиглэлийн төсөлд тусгахаар санал болгожээ. Тухайлахад, Монгол Улсын батлан хамгаалах, зэвсэгт хүчин, дипломат алба, төрийн нууц, тагнуулын үйл ажиллагаа, кибер аюулгүй байдлын тухай гэх мэт 30 гаруй хуулийг шинэчлэн найруулахаар тусгах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа аж.

Байнгын хорооны гишүүд төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, саналаа хэллээ. Тухайлбал, гишүүн Б.Болор гадаадад хуурамч нэрээр  зорчсон, хууль бусаар оршин суугаа Монгол Улсын иргэдэд баримт бичиг олгох журмыг тогтоож, тэдгээрт хариуцлага ногдуулах эрх зүйн орчин бүрдүүлнэ гэж байна. Энд ямар хариуцлага хүлээлгэх гэж байгаа нь тодорхой байна уу гэдгийг тодруулсан бол Д.Ганбат гишүүн өнгөрсөн өвөл Халх гол суманд зуд болсон, саяхан Баянхонгор аймагт мөнгөн ус алдагдсан зэрэг онцгой тохиолдлууд гарлаа. Тиймээс Аврагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг Онцгой байдлын тухай хууль гэж өөрчилье гэсэн саналтай байгаагаа хэллээ.

Мөн байнгын хорооны гишүүд Төрийн нууцын тухай хууль болон Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийг нэгтгэх хэрэгтэй гэдэг дээр санал нэгдсэн юм. Ингээд байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Дараа нь Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Тус төслийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох Улаанбаатар хотын эмнэлгийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх ажлын хүрээнд дараах ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Үүнд Улаанбаатар хотын эмнэггийг хөгжүүлэх бодлого стратегийн төлөвлөгөө боловсруулах эмнэлгийн салбарт дэд бүтэц хөрөнгө оруулалтыг төлөвлөх тогтолцоог бий болгохын зэрэгцээ Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийг загвар болохуйц олон төрлийн тусламж үйличлгээтэй нэгдсэн эмнэлэг болгон өөрчлөх, эмнэлгийн үйл ажиллагааг өөрчлөх, тусгай зөвшөөрлийн тогтолцоог шинэчлэх зэрэг ажлуудыг хийх юм. Энэхүү ажлын хүрээнд Сонигинохайрхан дүүргийн эмнэлгийг өөрчлөх, үйлчилгээний нэр төрлийг өөрчлөн орон тоог нэмэгдүүлэх, хүчин чадлыг сайжруулахад дутагдаж буй нэмэлт 25 сая ам долларын хөрөнгө оруулалтыг Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр болжээ. Мөн 5-р төслийг хэрэгжүүлэхэд Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын Засгийн газарт 30 сая ам долларын хөнгөлттэй зээлийг олгохоор төлөвлөөд байгаа аж.

"Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4 төсөл"-ийн нэмэлт санхүүжилт, “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл"-ийн санхүүжилт болох 55 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах  тухай хуулийн төслийг байнгын хорооны гишүүд 100 хувийн саналаар дэмжиж, УИХ-ын  чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж