Түүний асуултад, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Сонгуулийн жилтэй холбоотой. 2012 оны төсвийг нэг их наяд төгрөгөөр бууруулсан. Тэгээгүй байсан бол ямар хэмжээнд хүрэх байсан нь тодорхой ч 1,2 их наяд төгрөгийн алдагдалд хүрээд байгаа. Энэ урьд өмнө нь байгаагүй тоо. Харин Шивээ овоогийн цахилгаан станцыг энэ онд барьж эхэлнэ. 2012 онд дуусгана гэж байсан Баян-Өлгий-Хашаат чиглэлийн замын ажилд хүндрэлтэй зүйл тулгарсан. Гэхдээ 2013 оны есдүгээр сард дуусгах болно” гэлээ. Энэ байдлаас болж Байнгын хорооны гишүүд “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг жилээр биш улирлаар нь баталдаг байх хэрэгтэй гэж үзэж байсны зэрэгцээ С.Бямбацогт гишүүн Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 1,7-г мөрдөж ажиллах шаардлагатайгэсэн тайлбар ч тавьсан юм. Гишүүдийн хувьд ч “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг батлуулна гэж тогтоол гаргачихаад үүнийг орхигдуулж болохгүй гэдэг дээр санал нэгдэж байсан юм.
Харин Ц.Нямдорж гишүүн хэлэлцэх асуудалтай холбогдуулж “Төмөр зам барих гэж таван жил боллоо. Луйвар, хулгай хийдэг нөхдүүдийг Монголын төрөөс зайлуулах шаардлагатай. Би энэ талаар үнэнийг хэлэх болно. Хэрвээ энэ талаар мэтгэлцээн, телевизийн дэлгэцээр уулзахыг хүсвэл нээлттэй байгаа. Харин Засгийн газрын сайд нарыг ажлаа хийж чаддагийг нь үлдээж, хийж чаддаггүйг нь явуулах хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Мөн тус хуралдаанаар Монголын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд байгуулах экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ. Засгийн газрын 2012 оны 169 дүгээр тогтоолд санхүү, эдийн засгийн болзошгүй хүндрэлийн эсрэг авах зарим арга хэмжээний төлөвлөгөөг баталсан бөгөөд түүнд Япон улсаас олгох экспортын болон бусад хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг ашиглах тухай асуудал тусгагджээ. Үүнтэй холбогдуулан Японы олон улсын хамтын ажиллагааны банкны төлөөлөгчидтэй өнгөрсөн хугацаанд хийсэн уулзалт, хэлэлцээрийн үр дүнд экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг Японы тал ирүүлээд байгаа юм байна.
Уг төсөлд зээлийн хэлэлцэрт заасан хэмжээгээр зээлийн шугам нээж, зээлийн эх үүсвэрийг дотоодын арилжааны банкаар дамжуулан дотоодын үйлдвэрлэгч, аж ахуй нэгжээс гаргасан төслийн хүсэлт дээр үндэслэн тэдгээрт зээл олгох хэлбэрээр хэрэгжүүлэхээр тусгажээ. Зээлийн хэмжээ найман тэрбум иен буюу 85 сая ам.доллар хүртэл эсвэл иенээр олгох бөгөөд зээлийн хугацаа 11,5 жил байх аж.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд саналаа илэрхийлэхэд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Монгол Улс Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын хөгжлийн банкнаас жилийн 0.75 хувийн хүүтэй, удаан хугацаатай зээл авдаг байсан. Эдгээр банкуудаас зээл авахаа больж байгаа юм уу, яагаад жилийн 2,6 хувийн хүүтэй зээл авч байгааг мөн иен, юаны ханшийн хэлбэлзлээс болоод эрсдэлд орох магадлал өндөр байдаг учраас ам.доллараар авах нь зүйтэй гэсэн саналаа илэрхийлсэн юм.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Монгол Улсын эдийн засаг өсч, зиндаа дээшилсэн. 2012 оноос эхлээд хөнгөлөлттэй зээл авдаг түвшингээс гараад бизнесийн зээл авдаг ангилал руу шилжсэн учраас зээлийн хүүгийн хэмжээ өөр байгаа. Иен, юанийн ханшийн хэлбэлзэл өндөр байдаг, тиймээс ам.доллар, иенийн алинаар авах талаар УИХ-аас чиглэл авахаар энэ асуудлыг оруулж ирсэн” гэдгээ онцолсон юм. Мөн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Бид гадаад, дотоодоос зээл авч, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих нь зүйтэй. Гэхдээ өмнө нь гаднаас авч байсан зээл, тусламжийн гүйцэтгэл ямар байгаа, хэдэн хувь нь хэрэгжиж, үр дүнгээ өгсөн бэ гэдгийг байнгын хорооны гишүүд болон УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулдаг баймаар байна” гэсэн саналаа илэрхийллээ.
Эдийн засгийн байнгын хорооноос дээрхи асуудлыг дэмжсэн санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэсэн юм.