“Airbus” захиалгад дарагдав

Хуучирсан мэдээ: 2013.05.08-нд нийтлэгдсэн

“Airbus” захиалгад дарагдав

“Airbus” концерн 2013 он гарсаар зорчигч тээврийн  500 онгоцны захиалга авчээ. Тус компанийн гол өрсөлдөгч болох “Boeing”-ийн онгоцнуудад олон асуудал гарч буйгаас үүдэн захиалгын урсгал АНУ-аас Европ руу зүглэжээ.

2013 оны эхний дөрвөн сарын хугацаанд иргэний агаарын онгоцны 514 захиалга авсан тухай Европын нисэхийн “Airbus” компани тавдугаар сарын 7-нд мэдэгдсэн байна. Зарим захиалга цуцлагдсан ч 493 онгоцны захиалга хэвээр үлджээ. Захиалгын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс хоёр дахин ихэссэн байна.

“Airbus”-ын шинэ хөлөг А380 захиалагчдын сонирхлыг татаж буй тухай “Reuters” агентлаг мэдээлжээ. Туркийн нисэхийн “Turkish Airlines” компани гуравдугаар сарын дундуур томоохон захиалга өгсөн юм. Тодруулбал, 2015 он гэхэд “Airbus”-аас 82 онгоц авахаар болжээ. Мөн Арабын нэгдсэн Эмират 90 онгоцны захиалга өгснөөс 30 нь хэдийнэ нислэг үйлдээд эхэлсэн байна.

“Dreamliner”-ын асуудал “Airbus”-т тус болов

“Airbus” концернийн арилжааны амжилт нь Европын онгоц үйлдвэрлэгчдийн гол өрсөлдөгч   Америкийн Boeing корпорацийн асуудлуудаас үүдэлтэй. АНУ-ын Иргэний агаарын тээврийн холбооны албанаас дэлхийд хамгийн их шаардлагатай байсан  ангиллын Dreamliner 787  хөлгүүдийн нислэгийг түр зогсоосон байлаа. Эдгээр хөлгүүдийн нислэгийн үеэр аккумуляторууд нь халж утаа униар гарсан байлаа. “Qatar Airways” компани америк онгоцнуудын нислэг түр зогсоох хугацаанд онгоц хүрэлцээгүй боллоо гээд 3,6 тэрбум ам.доллараар 15 ширхэг А330 онгоцыг худалдан авсан байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж