
Энэ жилийн цэргийн парадыг ОХУ-ын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, хурандаа генерал Владимир Чиркин командалж, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хүлээн авах юм. Ёслолын арга хэмжээнд Карел, Ленинград, Балти, Беларусь, Украйны фронтын ялалтын тугийг Улааны талбайд авчрах ажээ. /Хамгийн анхны парадыг ЗХУ-ын хоёр удаагийн баатар, маршал К. Рокоссовский командлаж, ЗХУ-ын дөрвөн удаагийн маршал Георгий Жуков хүлээн авч байлаа 1945-06-22/ Жагсаалд Оросын тэнгис, агаар, хуурай, пуужинт, сансарын анги болон Москвагийн цэргийн хүрээний байлдагч, офицерууд оролцох бөгөөд ойролцоогоор 100 гаруй зэвсэг, техникийн нэгжүүд явж өнгөрөх ажээ.

Ойролцоогоор 45-50 минут орчим үргэлжлэх Ялалтын 67 жилийн ойн баярын арга хэмжээг нээж тус улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Владимир Путин үг хэлж, Зөвлөлтийн ахмад дайчид болон дотоод, гадаадын төлөөлөгчидөд баярын мэндчилгээ хүргэнэ. Үүний дараа ОХУ-ын Төрийн дуулал эгшиглэж, Төрийн далбаа, сүлд, Цэргийн туг зэргийг жагсаалын манлайд аваачин, парад албан ёсоор эхлэх болно. Жагсаалд төгсөлтөө хийж буй Суворов, Нахимовын цэргийн академи болон Казакын кадетын сонсогчид жагсаал хийж өнгөрнө.
Мөн нийт 22 хотод зохион байгуулагдах тус цэргийн парадын үеэр зэвсэгт хүчин, дотоодын цэрэг, холбооны аюулгүйн алба, онцгой байдал зэрэг нийтдээ 14 мянга орчим цэрэг офицерууд оролцох бөгөөд өнөөдөр Оросын зэвсэглэлд багтаж буй зарим танк, хуягт, их буу, өөрөө явагч зенит, пуужинт цогцолбор болон нисэх онгоц, нисдэг тэрэг оролцох юм. Эрхэм үзэгч та бүхэн манай хойд хөршид болох уг үйл явдлыг “Ийгл Ньюс” телевизийн мэдээллийн баг болон ОУ-ын тоймчид, өөр бусад сонирхолтой зочдын хамт хүлээн авч үзээрэй.




