-Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Девон Кларк гэдэг. 27 настай АНУ-ын Коннектикут мужаас ирсэн.
-Хэдэн настайгаасаа сагсан бөмбөгийн спортоор хичээллэж эхэлсэн бэ?
-Анх долоон настайдаа ахтайгаа хамт сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн. 20 дахь жилдээ тоглож байна
-Өмнө нь ямар багт тоглож байв. Гаргасан амжилтаасаа хуваалцаач?
-2003 онд дунд сургуулийн хооронд болдог Бүх Америкийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан. Мөн NCAA (Америкийн их, дээд сургуулийн лиг)-д тоглож байхдаа 2006 онд конференцийн аварга болсон.
-Коннектикут их сургуулиас NBA-гийн олон шилдэг тоглогч төрсөн. Та NBA-д тоглож байгаа тоглогчтой хамт тоглож байв уу?
-Тийм ээ. Коннектикут их сургуулиас олон шилдэг сагсан бөмбөгч төрсөн. Манай сургуулиас Рэй Аллен, Ричард Хэмилтон, Карон Батлер, Эмека Окафор, Бен Гордон, Чарли Вилланева, Руди Гэй, Жош Бун нарын олон шилдэг тоглогч NBA-д одоо ид тоглож байгаа. Эднээс их сургуульд байхдаа Гэй, Бун нартай хамт тоглож байсан.
-Та яаж яваад Монголын лигт тоглох болсон бэ?
-Жилийн өмнө надтай “SBL Акулууд” багт хамт тоглож байсан Аарон Холлтой танилцаж, Америкт байхдаа нэг багт тоглох болсон. Тэр надад Монгол руу хамт явах саналыг тавьснаар танай оронд ирсэн.
-Та Монголын сагсан бөмбөгийн талаар ямар ойлголттой байсан бэ?
-Анх танай орны талаар төдийлөн мэддэггүй байсан. Харин Монголд ирнэ гэдгээ мэдсэний дараа танай орны талаар “Google”-ээр чамгүй их мэдээлэлтэй болсон. Холл надад “Чам дээр эсрэг хамгаалагчид их алдаа гаргана. Гэвч шүүгч бараг алдаа өгөхгүй. Тиймээс чи талбай дээр тоглож байгаа эсрэг багийн тав, бас гурван шүүгч нэмэгдээд найман хүний эсрэг тоглоно” гэж хэлсэн. Мөн хэзээ ч төсөөлж байгаагүй хүйтнийг мэдрэх болно гэж хэлж байсан.
-Түүний хэлсэн үг хэр ойр туссан бэ?
-Шүүлтийн тал дээр анх шүүмжлэлтэй хандаж байсан. Танай улс FIBA-гийн дүрмээр тоглодог болохоор NBA-гээс нэлээд ялгаатай. Харин одоо дүрмэндээ дасч, багийнхантайгаа ойлголцоод ирэхээр тоглолт арай ондоо болж байна шүү.
-Та манай оронд өнгөрсөн нэгдүгээр сард ирсэн байх аа?
-Тийм ээ.
-Яг өвлийн хүйтэн сард ирсэн юм байна. Анх Монгол оронд хөл тавихад ямар байв?
-Онгоцноос буухад нэг зүйл надад маш бэрх санагдсан. Тэр нь маш хүйтэн цаг агаар. Нэмэхээс хасах хэмд хөл тавиад нэлээд хүнд байлаа. Гэхдээ удалгүй дассан.
-Манай орны талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Хүйтнийг эс тооцвол бусад зүйл надад маш их таалагдсан. Ялангуяа танай монголчууд тун нөхөрсөг, сайхан сэтгэлтэй ард түмэн байна лээ.
-Та бусад орны лигт тоглож байсан уу?
-Филиппин болон БНХАУ-ын лигт тоглож байсан.
-Хэр удаан тоглосон бэ?
-Удаагүй, нэгээс хоёр сар л болсон байх.
-Манай сагсан бөмбөгчдийн ур чадвар ямар түвшинд байна вэ?
-“Танан гарьд”, “Харцага”, “Эрдэнэдрийлинг Ригс”-ийн зарим тоглогчийн ур чадвар өндөр түвшинд хөгжсөн. Би ирэхээсээ өмнө танай сагсан бөмбөгчдийг дутуу үнэлж байснаа нуугаад яах вэ. Яг ирээд тоглоход танай зарим сагсан бөмбөгч ур чадварын хувьд тун өндөр түвшинд хөгжсөн байна лээ. Лигийн багуудын өрсөлдөөн тун ширүүн болсон. Ялангуяа “Харцага”-ын төвийн тоглогч Б.Одбаяр, “Баянзүрх Буллз”-ын довтлогч Т.Санчир нарын тоглолт надад таалагдсан. Тэд Азийн өөр орны лигт тоглоход ур чадвараараа дутах зүйлгүй гэж бодож байна.
-Энэ жилийн лигт ямар багийн эсрэг тоглоход хүнд байна вэ?
-Плей-оффт шалгарсан дөрвөн баг бүгдээрээ хүчтэй сайн баг. Ялангуяа “Танан гарьд” багийнхан хамтдаа удаан тоглосон болохоор бие биенээ ойлгох чадвар сайтай. Мөн байрлал бүрт жигдхэн сайн тоглогчтой баг. Тэдний эсрэг тоглоход жаахан хүнд байдаг.
-Танай баг гуравдугаар тойргийн өмнө бүрэлдэхүүндээ “Хүлгүүд”-ийн хэд хэдэн тоглогчдийг элсүүлсэн. Багийнхаа шинэ тоглогчтой хэрхэн гар нийлж байна вэ?
-Гуравдугаар тойрог эхлэхээс өмнө “Хүлгүүд”-ээс М.Бадрах, Б.Билгүүн, мөн Лоусон, Хэммондс нар манай багт ирсэн. Бид хоорондоо тун хурдан ойлголцсоноор плей-оффт өрсөлдөх эрхтэй болсон.
-“SBL Хүлгүүд” сүүлийн тойрогт тун сайн тоглосны хүчинд плей-оффт өрсөлдөх эрхтэй болсон. Сүүлийн тоглолтод “Баянзүрх Буллз”-ыг хожсон. Тэдний эсрэг тоглоход хэр хүнд байв?
-Манай баг гуравдугаар тойргийн хамгийн эхний тоглолтод “Харцага”-т хожигдсон. Түүнээс хойш бидэнд хожигдох эрх байгаагүй. Тиймээс үлдсэн бүх тоглолтдоо хянуур тоглосны үр дүнд плей-оффт өрсөлдөх эрхтэй болсон. Ялангуяа “Баянзүрх Буллз”-ын эсрэг хийсэн сүүлийн тоглолт үнэхээр хүч шавхсан өрсөлдөөнтэй болсон. Хожил, хожигдол нь тэнцүү байсан болохоор хэн хэнд нь ялалт хэрэгтэй байлаа. Манай багийн тоглогч бүр үүргээ сайн биелүүлсний хүчинд ялалт байгуулсан гэж бодож байна.
-Плей-оффын эхний шатанд “Эрдэнэдрийлинг Ригс” багтай тоглож байна. Өрсөлдөгч багийнхаа талаар юу хэлэх вэ?
-Плей-оффт шалгарсан багууд бүгд сайн. “Эрдэнэдрийлинг Ригс”-ийн тоглогчид ур чадвар сайтай.
-Та “Үндэсний супер лиг”-ийн тойргийн тоглолтод оноо авалтаараа тун дээгүүр бичигдсэн. Хамгийн өндөр оноогоо ямар багийн эсрэг авч байв?
-Би тойргийн тоглолтод дунджаар 19.8 оноо авсан. Хоёрдугаар тойрогт “Эхлэл” багийн эсрэг тоглолтод 47 оноо авсан нь онооны дээд үзүүлэлт.
-Монголд тоглож байгаа Америк тоглогчтойгоо хэр ойр дотно байдаг вэ?
-Мэдээж, маш сайн харилцаатай. Өнгөрсөн сард “Супер лиг”-т тоглож байгаа америк легионерууд болон Монголын шигшээ багийн эсрэг тоглолтын дараа бидний харцаа маш сайжирсан гэж хэлж болно.
-Монголд ирээд дөрвөн сар болчихсон байна. Улаанбаатар хоттой танилцаж амжсан уу?
-Тийм ээ, танилцсан. Анх ирэхэд гадаа маш хүйтэн байсан болохоор төдийлөн гадуур гардаггүй байлаа. Харин одоо гадаа дулаарсан болохоор хоттой танилцах завшаан олдож байгаа.
-Багийнхаа нөгөө хоёр америк тоглогчдийн ур чадварыг тодорхойлохгүй юу?
-Манай багийн нөгөө хоёр тоглогч өөр өөрсдийн онцлогтой. Крис Лоусон бөмбөг эзэмших чадвар, хурдаараа хэнийг ч дагуулахгүй. Харин Маркус Хэммондс холын зайн шидэлт болон цагариг дээрээс довтлох тал дээр сайн.
-Та гуравдугаар тойрогт “TLG-13” багийн эсрэг тоглолтын үеэр цагариг дээрээс довтлох үеэр самбарын шил хагарсан. Танд өмнө ийм зүйл тохиолдож байсан уу?
-Самбар хугалсны хувьд миний амьдралд тохиолдсон хамгийн анхны тохиолдол болсон. Анх удаа ийм зүйл хийсэн байсан болохоор тухайн үед сайн итгэж өгөөгүй. Тэр үед өөрөөрөө бахархах, омогших сэтгэгдэл төрсөн.
-“Супер лиг”-ийн тоглолт удахгүй дуусна. Та Монголд дахин тоглох бодолтой байна уу?
-Багийн удирдлага ирэх жил намайг дахин тоглуулахыг хүсвэл надад татгалзах зүйл алга.
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин