Ажлын хэсгийн дүгнэлтийг дахин судлахаар болов

Хуучирсан мэдээ: 2013.05.08-нд нийтлэгдсэн

Ажлын хэсгийн дүгнэлтийг дахин судлахаар болов

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн санал дүгнэлт, Уул уурхайн яамнаас нөхөн сэргээлтийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Уул уурхайн сайд Д.Ганхуягийн мэдээлэл,  Ерөнхий сайдын захирамжаар Дорноговь аймагт ажилласан Ажлын хэсгийн тайлан зэргийг хэлэлцлээ.
Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг нэг нь Ерөнхий сайд ажлын хэсгийн дүгнэлтийн танилцуулга байв. Ерөнхий сайдын хэлснээр Дорноговь аймагт ураны цацрагаас болж малчин Д.Норсүрэнгийн тугал үхсэн гэсэн мэдээллийн дагуу 42 байгууллагын 140 гаруй мэргэжилтэн шалгалт, шинжилгээ хийхээр 100 гаруй сая төгрөг зарцуулжээ. Эдгээр байгууллагынхан малчин Д.Норсүрэнгийн үхсэн тугалд шинжилгээ, задлан хийснээс гадна 61 хүнээс шинжилгээ авахад ионжуулалт, цацраг илрээгүй аж. Түүнчлэн тугалууд ямар нэгэн халдварт өвчнөөр өвчлөөгүй, хөрс усны химийн найрлага стандартын хэмжээнд байсан бөгөөд зэс, селен, сурьмагийн ходлого байх магадлалтай гэсэн дүгнэлтийг гаргажээ. Харин дээрх хуралдааны үеэр Су.Батболд гишүүн “Манай төрийн албаныхан ийм чадваргүй юм уу. Тугал үхсэн шалтгааныг гаргаж чадахгүй байгаад гайхаж байна. Зэс, сурьма, селен гэж юу байдаг юм” гэхэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Би харин ийм дүгнэлт хийсэнд баярлаж байгаа. Гэхдээ энэ дүгнэлтийн дагуу олон улсын байгууллагад хандах болно” гэв.  

Селен, зэс сурьма гэх химийн бодис нь малд ургамлын замаар халдварлавал үхэлд хүргэх нөлөөтэй гэнэ. Байнгын хорооны дарга Г.Баярсайхан “Дорноговь аймагт уран олборлож байгаа Хятадын компани  25 төрлийн хортой химийн бодисыг газар дор ашигладаг юм байна. Тэгэхээр химийн бодисоор мал үхсэн нь тодорхой” гэхчлэн гишүүд шинжилгээний дүнд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн тул Ажлын хэсэг гаргаж, энэ дүгнэлтийг цааш нь судалж, хөндлөнгийн байгууллагыг оролцуулахаар байнгын хорооны хуралдаанаар шийдвэрлэлээ.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж