Монгол Улс өнөөдрийн байдлаар 164 оронтой дипломат харилцаатай байна. Эдгээр орнуудаас БНСУ, Япон, Чех зэрэг оронд монголчууд хамгийн олноороо ажиллаж, амьдарч буй аж. Гадаад харилцаа өргөжихийн хэрээр монголчуудын гадаад руу зорих урсгал өсөн нэмэгдсэн төдийгүй гадаадаас ирэх иргэдийн тоо ч нэмэгдсэн. Энэ нь нэг талдаа эерэг зүйл боловч сөрөг үр дагавар бас дагуулдаг. Гэхдээ Гадаад харилцааны яам гадаад оронд амьдарч байгаа иргэн бүрийн эрх ашгийг хамгаалж ажиллахын төлөө чармайж байгаа гэдгийг сайд Л.Болд онцлон тэмдэглэлээ. Энэ хүрээнд эхний ээлжинд гадаад дахь Монголын Элчин сайдын яамдын байрыг хотын төвд байршилтай болгох зорилго тавьсан байна. Ийм арга хэмжээ авснаар гадаад дахь монголчууд Элчин сайдын яамандаа хүрч очиход хялбар болно гэж үзэж буй аж.
Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Ш.Сүхбаатарын тайлбарласнаар бол гадаадын 16 оронд Монгол Улсын 159 иргэн ял эдэлж байна. Ял эдэлж байгаа монгол иргэдтэй биечлэн уулзах ажлыг Гадаад харилцааны яам өнгөрсөн оны аравдугаар сараас эхлүүлсэн. Мөн ар гэрийнхэнтэй нь холбоо барих зэргээр ажилласан байна. Түүнчлэн Балба улсад очоод эх орондоо ирж чадахгүй байсан н.Буяндэлгэрийг энэ сарын 11-нд эх оронд нь авчрахаар болж байгаа бол ОХУ-д очоод буцаж Монголдоо ирэх боломжгүй болчихоод байсан н.Оюунчимэгийг өнгөрсөн долоо хоногт мөн эх орондоо эргүүлэн авчирчээ.
Гадаад оронд ял эдэлж байгаа монгол иргэдийн хувьд гол төлөв хулгай хийх, хар тамхины хэрэгт холбогдох зэргээр ял авсан байдаг аж. Зөвхөн хар тамхины хэргээр 34 иргэн ял эдэлж байгаагийн олонхи нь БНХАУ-д хоригдож буй юм байна.