П.Пүүдорж нь гадаад дотоодын үзэсгэлэнд бүтээлээрээ оролцож ирсэн ба энэ удаа анхны бие даасан үзэсгэлэнгээ олон нийтэд дэлгэх гэж байгаа юм. Түүний уран бүтээлийн санд холимог техник, тосон будаг, усан будаг, акрелик зэрэг олон төрлийн арга барилийг хослуулсан 40 гаруй бүтээл тавигджээ. Монгол зургийн бүтээлүүд нь уламжлалт аргыг агуулсан боловч орчин үеийн сэтгэлгээ, зохиомж зэргээр баяжуулан уламжлалт шинэчлэлийг хослуулсан илүү шинэлэг өвөрмөц мэдрэмжийг төрүүлдэг юм.
“Чинос” бүтээл нь давхин ирж буй гурван баатрын дүрийг хажуугаас нь бус эгц өөдөс ажиглагч руу эрч хүчтэй давхин ирж байгаагаар эрчимтэй хөдөлгөөнийг мэдрүүлж байгаа нь сонирхолтой. Хийсвэр хэлбэр, агуулгаар зурсан “Зохиомж” бүтээл нь огторгуйн орон зайд амьдралын хүрд мэт дугуйрсан тойрогт дөрвөн талаас нь холбоос мэт эргэн орж буй хөдөлгөөн нь олон зүйлийг бодогдуулна. Нэгэн талаас харахад хүний амьдралын мөчлөг зам нь огторгуйд хэрхэн мөрөө үлдэж байгааг өгүүлсэн, нөгөө талаас нь зохиомжийн хувьд харвал хэвтээ, босоо огтолцол нь хасах нэмэхийн нэгдлийг харуулж буй мэт… П.Пүүдоржийн уран бүтээл нь нэгэн хэв маягт захирагдаггүй, чөлөөт бодол санааны илэрхийллийг бүтээн турвидаг байдал нь бодит болон хийсвэрлэлийг хослуулан бүтээсэн нь зохиомжийн нэгдмэл байх, хуваагдах мөн чанарыг тодорхойлсон үзэсгэлэн боллоо.
“Эхлэл 1” үзэсгэлэн ирэх бямба гариг буюу тавдугаар сарын 11-ныг дуустал “Монголын Уран Зургийн Галерей”-д үргэлжилнэ. Үзэсгэлэнгийн талаар нэмэлт мэдээллийг “Монголын Уран Зургийн Галерей”-н утас: 331687, 327177, 99976901 утаснаас лавлаж болно.