Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдав

Хуучирсан мэдээ: 2013.05.07-нд нийтлэгдсэн

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явууллаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Батхүү Төрийн аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл санаачилж Засгийн газрын санал авахаар хүргүүлээд байгаа тул үндсэн чиглэлийн төсөлд нэмж тусгах санал гаргасныг гишүүд дэмжлээ. Мөн түүний гаргасан Төрийн хэлний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналын тухайд гишүүн М.Батчимэг зөвхөн нэмэлт, өөрчлөлт оруулах биш шинэчлэн найруулах нь зүйтэй гэсэн санал гаргаж, энэ асуудлыг нэмж тусгахаар болов.

Мөн УИХ-ын гишүүн А.Бакей, С.Дэмбэрэл, Ж.Батзандан нар УИХ, Засгийн газрын бүтэц, менежментийг сайжруулах тухай тогтоолын төсөл боловсруулж батлуулах асуудлыг нэмж тусгах санал гаргасан нь гишүүдээс дэмжлэг хүлээсэн бол УИХ-ын гишүүн Су.Батболд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах, гишүүн А.Бакей, С.Дэмбэрэл нар Улс төрийн намын санхүүжилтийн тухай, гишүүн Р.Бурмаа сонгуулийн нэгдсэн хууль, гишүүн М.Батчимэг Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай, Өргөн нэвтрүүлгийн тухай, Өгөгдлийн /контентын/ тухай хуулийг үндсэн чиглэлийн төсөлд нэмж тусгах санал гаргасан нь олонхи гишүүний дэмжлэг хүлээсэн юм.

Харин гишүүн Ж.Батзандан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэмж тусгах санал гаргахад гишүүн М.Батчимэг энэ нь үндэсний зөвшилцлөөр шийдэгдэх асуудал учраас төлөвлөгөө болгож тусгах хэрэггүй юм гэсэн саналтай байв. Ингээд санал хураалгахад байнгын хорооны гишүүдийн олонх нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг үндсэн чиглэлд нэмж тусгахыг дэмжлээ.

Эцэст нь байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Байгууллагын үйл ажиллагаанд системчилсэн үнэлгээ хийх тухай байнгын хорооны тогтоолын төсөл байв.  Хууль зүйн яамнаас “Байгууллагын үйл ажиллагаанд системчилсэн үнэлгээ хийх аргачлалыг хяналт шинжилгээ, үнэлгээ хийх үйл ажиллагааг боловсронгуй болгох, хүний нөөцийг чадваржуулах зорилгоор боловсруулан мөрдөж байгаа аж. Төсөл санаачлагч гишүүн С.Дэмбэрэл танилцуулгадаа, байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ хийхдээ шууд удирдлагын үүрэг болгосноор буюу иргэдийн гомдол, мэдээллийн мөрөөр тодорхой асуудлыг сонгон авч үнэлэх, эсвэл байгууллага өөрөө нэг иж бүрэн тогтолцоо болохын хувьд хэрхэн ажиллаж байгаа талаар системчилсэн үнэлгээг байнгын давтамжтайгаар бүхэлд нь ч хийж болно. Үнэлгээний зорилго нь тухайн байгууллагын үйл ажиллагааны буюу чиг үүргээ хэрэгжүүлж байгаа байдлын үр өгөөж, өөрийн тавьсан зорилгодоо хүрч чадсан эсэх, бүрэн хүрч чадаагүй зорилго байгаа бол түүний шалтгаан, нөхцөлийг тодорхойлох юм. Байгууллагын системчилсэн үнэлгээ нь байгууллагын чиг үүргийн үнэлгээ; байгууллагын үйл ажиллагааны журмын (процессын) үнэлгээ; хүний нөөцийн хэрэгцээний үнэлгээ; санхүүгийн буюу захиргааны зардлын үнэлгээ гэсэн үндсэн дөрвөн төрөлтэй байна гэдгийг дурдлаа.

Байгууллагын үйл ажиллагаанд системчилсэн үнэлгээ хийх аргачлалыг УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудад хэрэглэснээр байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, бодлого боловсруулах, шийдвэр гаргахад чухал аргачлал болно гэж төсөл санаачлагч болон байнгын хороо үзэж байгаа аж. Иймээс УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдлагууд жилийн ажлын тайлангаа УИХ-д ирүүлэхдээ өөрсдийн үйл ажиллагаанд Хууль зүйн яамнаас боловсруулсан Байгууллагын үйл ажиллагаанд системчилсэн үнэлгээ хийх аргачлалын дагуу үнэлгээ хийж ирүүлж байх. Мөн тухайн байгууллагууд жилийн ажлын тайландаа системчилсэн үнэлгээ хийж ирүүлсэн эсэхэд хяналт тавьж, дүгнэлт гаргаж байнгын хороонд танилцуулж байхыг УИХ-ын Тамгын газарт үүрэг болгохоор тогтоолын төсөлд тусгасныг гишүүд дэмжлээ.

Үүний дараа Төрийн албаны зөвлөл дээр зарим хуулийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, ажлын хэсгийг гишүүн Су.Батболдоор ахлуулан гишүүн Ж.Батзандан, Г.Батхүү, Н.Батцэрэг, Р.Бурмаа, С.Дэмбэрэл нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтов. УИХ дахь МАН-ын бүлгээс Ерөнхий сайдыг огцруулах талаар гаргасан саналыг хэлэлцэх үеэр Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаатай холбогдсон асуудлууд хөндөгдөж, улмаар бүлгээс энэ асуудлын хүрээнд УИХ-аас ажлын хэсэг байгуулж судлах шаардлага байгаа талаар хүсэлтээ УИХ-ын даргад хандан гаргаж байсан юм. Тиймээс тус намын бүлгээс УИХ-ын даргад өгсөн албан бичгийн дагуу байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж зарим хуулийн хэрэгжилттэй танилцах нь зүйтэй гэж үзсэн байна. Ажлын хэсгийн гаргасан санал дүгнэлт, шийдвэрийн төслийг энэ тавдугаар сард багтаан байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх юм байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж