Хохирлыг барагдуулах төслийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2013.05.07-нд нийтлэгдсэн

Хохирлыг барагдуулах төслийг дэмжив

УИХ-ын Төсвийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд олонхи гишүүн дэмжсэнээр “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Хууль зүйн сайдын танилцуулснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь 2006 онд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн нийт 26 хадгаламж зээлийн хоршоодод холбогдох 8301 хохирогчтой 72.4 тэрбум төгрөгийн төлбөртэй гүйцэтгэх баримт бичгийг шүүхээс хүлээн авч байжээ. 2013 оны байдлаар Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуулийн дагуу улсын төсвөөс нийт 36.1 тэрбум төгрөгийг хүлээн авч, 26 хадгаламж зээлийн хоршооны 7784 хохирогчтой зохих гэрээг байгуулан 35.9 тэрбум төгрөгийг олгожээ. Мөн шүүхийн шийдвэрээр 30.8 тэрбум төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгө хүлээн авахаас цагдаагийн байгууллагаас 29.2 тэрбум төгрөгийг үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө хүлээлгэж өгч, 1.5 тэрбум төгрөгийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрт илүү бичигдсэн, итгэмжлэгдсэн хариуцагч нь үрэгдүүлсэн, тоо данс нь давхардаж бичигдсэн гэх үндэслэлээр хүлээлцээгүй аж.

Нийт 26 хадгаламж зээлийн хоршооноос “Нэмэгдэх Ундарга”, “Ти-Эс-Би” хадгаламж зээлийн хоршоо нь хохирлоо 100 хувь барагдуулж, “Гэр хорооллын барилгажилт”, “Цэн-Алт”, “Үйлс үржихүй”, “Европын хөгжил”, “Си Эм Си”, “Севен бойз” зэрэг хадгаламж зээлийн хоршоо нь төрд төвлөрүүлэх мөнгөн хөрөнгийг барагдуулж дууссан байна. Хохирогчдын зүгээс хохирлоо бүрэн барагдуулж авах хүсэлтийг удаа дараа тавьж ирсэн тул дээрх төслийг боловсруулаад байгаа юм.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн З.Энхболд  “Эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хохирлыг барагдуулахаар төсвөөс олгосон 36 тэрбум төгрөг эргэн төлөгдөх боломжгүй юм байна гэсэн дүгнэлтийг өмнөх УИХ-ын үед хадгаламж зээлийн хоршооны асуудлыг шалгасан ажлын хэсэг гаргачихсан. Хадгаламж зээлийн хоршоонд барьцаалсан үнэ хүрэхээр барьцтай хөрөнгүүд болох газрын гэрчилгээ, барилга, ашигт малтмалын лицензүүд асуудал шүүхэд очихоос өмнө алга болсон байдаг. Мөн хадгаламж зээлийн хоршоотой холбоотой асуудлыг шалгах ажил гүнзгийрэх үеэр нэр бүхий албан тушаалтан сейфэндээ найман жил хадгалсан тэрбум гаруй төгрөгөө цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн гэсэн мэдээлэл бий. Тэр хүний нэрийг мэдмээр байна. Хоршоонд хэн их хэмжээний мөнгө хадгалуулаад, буцааж хэдийг аваад гарсныг шалган тогтоох ёстой.  Хэсэг хүн мөнгөө өсгөж хожоод, тэдний хожсон мөнгийг улс татвар төлөгчдийн мөнгөөр төлөх тухай яриад сууж байгаа нь хэр зохистой вэ гэдэгт Хууль зүйн сайдыг хариулт өгөхийг хүссэн юм.

Сайд Х.Тэмүүжингийн тайлбарласнаар Хууль зүйн яамнаас байгуулагдсан ажлын хэсэгт хохирогчдын төлөөлөл багтсан. Ажлын хэсгийн гишүүд хадгаламж зээлийн хоршооны хэргээр ял эдэлж буй хүмүүстэй уулзан, хураагдсан хөрөнгө хэрхэн алга болсон, ямар үнээр үнэлэгдсэн, хэрхэн зарагдсантай танилцжээ. Хадгаламж зээлийн хоршоодыг хоморголон дампууруулж, эд хөрөнгийг татсанаас хохирлоо барагдуулах боломжтой байсан ХЗХ-ны хадгаламж эзэмшигчид хохирч үлдсэн хэмээн сайд хэлж байлаа. Түүнчлэн эд хөрөнгийг татан төвлөрүүлэх явцад үнэ хүрэх эд зүйлсийг үрэгдүүлсэн, хураагдсан зүйлсийн жагсаалтаас хассанаас болоод хуулийн байгууллагад бүрэн бүтнээрээ ирээгүй. Түүнчлэн үнэ хүрэхээргүй зүйлийг өндөр үнэлж бүртгэсэн зөрчил ч олон юм байна. Энэ нь хураагдсан хөрөнгийг хадгалах, бүртгэх үүрэгтэй төрийн албан хаагчид үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотой. Үнэ хүрэх зүйлсийг үнэгүйдүүлэн борлуулж, танил талаараа шамшигдуулсан явдал ч олон гарсан юм байна. Хуульд төрийн албан хаагчдын буруутай үйлдлээс болоод иргэн хохирсон тохиолдолд төр хохирлыг барагдуулах ёстой. Хохирогчид ч ийм шаардлага тавьж байгаа аж. Харин хадгаламж зээлийн хоршооны тэрбум гаруй төгрөгийг сейфэндээ найман жил хадгалсны дараа гаргаж ирсэн албан тушаалтны нэр одоохондоо ирээгүй, прокурорын байгууллагад шалгагдаж байгаа гэсэн хариултыг Хууль зүйн сайд өгсөн юм.

Ийнхүү гишүүд асуулт асууж хариултаа авсны дараа саналаа хэлэв. Тэд буруутанг тогтоон хариуцлага тооцох процесс цаашид удаан үргэлжлэх учир эхлээд хохирогчдын хохирлыг барагдуулах нь зүйтэй юм. Мөн энэ асуудлын хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахыг дэмжиж, эл ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг ч байгуулахаар тогтов.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж