Урин цаг хэдийнэ ирж, бороог хүлээсэн хүсэл биелэх шиг ойрын үед хур бороотой, сайхан өдрүүд үргэлжилж байна. Борооны дараах солонго шиг залуу дуучин Л.Солонгын “Хүслийн бороо”-той үдэш өчигдөр байлаа. Уран бүтээлчийн хувьд анхны юм бүхэн амттай бас чухал байдаг. Дуурь бүжгийн эрдмийн театраас ажлын гараагаа эхэлж өдгөө Болгарын Хөгжмийн дээд сургуульд дуурийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэн сурч байгаа залуу дуучин Л.Солонго анхны бие даасан цомог болох “Хүслийн бороо”-гоо өлгийдөж авлаа. Ардын жүжигчин А.Долгор, Хөгжмийн нэрт зохиолч Ч.Сангидорж нараар “номын дуу” заалгасан түүнийг ирээдүйн урлагийг тодорхойлох чамгүй дуучны нэг гэдгийг урлагийхан тодорхойлдог юм билээ.
Л.Солонгын хувьд уран бүтээл арвинтай, азтай, одтой жил байсан гэдгийг дуучин маань онцолж байсан. Энэ жил түүний “Аминаас үнэтэй Монгол” дуу нь энэ жилийн “Морин хуур” наадмын Гран-при шагнал хүртсэн билээ. Уг уран бүтээлийг Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шаравын хөгжим, яруу найрагч М.Хүрэлсүх үгийг нь бичжээ. Залуу хүн гэхэд уран бүтээлийн ургац арвинтай яваа Л.Солонгын “Сэлэнгэ сайхан нутаг”, “Сэрээч сэтгээч”, “Бүүвэй ээж”, “Цас бид гурав” зэрэг дуу нь олны хүртээл болчихсон ажээ. “Хүслийн бороо” цомог Hi Fi-ийн бүх салбаруудаар шивэрнэ гэсэн шүү.
Ш.ЧИМЭГ