Ерөнхийлөгчийн сонгуулийн өнгө

Хуучирсан мэдээ: 2013.05.07-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн сонгуулийн өнгө

Монгол Улс зургаа дахь Ерөнхийлөгчөө сонгох сонгууль сар гаруйн дараа болно. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн хүчтэй өрсөлдөх хоёр “баг” бол яах аргагүй АН, МАН.

Ардчилсан намын хувьд парламентад олонхийн суудал авч, Засгийн эрх барьж байгаа энэ үед ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжиж оролцох сонголтыг өнөөдөр хийв. АН-ын 42 дахь ҮЗХ-ны хуралдаанаар 181 хүний ирцтэйгээр болж, 100 хувийн саналаар одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ирэх сонгуульд нэр дэвшүүлэхээр саналд нэгдэв. АН-аас нэр дэвших хүсэлтээ Ц.Элбэгдоржоос өөр хүн өгөөгүй учраас энэ удаад 100 хувийн саналаар одоогийн Ерөнхийлөгч МАН-ын “баг”-тай өрсөлдөхөөр болов.

Харин өнгөрсөн амралтын өдөр болсон МАН-ын Бага хурлаас намын даргатайгаа хоёр ч удаа хайнцаж, гурав дахь "сунгаа"-н дээрээ илүү саналаар ялж, АН-ын “баг”-ийн эсрэг довтлохоор УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ сонгогдогдоод байгаа. Олны анхааралд МАН-ын дарга Ө.Энхтүвшинг энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших талаар яригдаж байсан ч Б.Бат-Эрдэнэ аваргад МАН-ын Бага хурлын гишүүд илүү оноо өгсөн.

Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөөр МАН-аас Б.Бат-Эрдэнэ, АН-аас Ц.Элбэгдорж нар эрхээ аваад байна. Хуулийн дагуу УИХ-д суудалтай намууд нэр дэвшигчдээ тодруулсны дараа нэр дэвшигчдийг бүртгэх ажил эхлэх учиртай. УИХ-д МАН, АН, “Шударга ёс” эвсэл, ИЗНН гэсэн дөрвөн намын төлөөлөл бий. Дээрхи намуудаас хамгийн чухал өрсөлдөгчид буюу МАН, АН нэр дэвшигчдээ тодруулчихлаа. ИЗНН-ын хувьд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дэмжиж оролцохоо дуулгаад буй. Харин “Шударга ёс” эвсэл одоогийн Ерөнхийлөгчийг дэмжиж оролцох уу, эсвэл МАН-ыг дэмжиж оролцох уу, эсрэгээрээ нэр дэвшигч тодруулах уу гэдэг  асуулт сонгогчдод ил болоогүй байна. Энэ асуултын хариу ирэх баасан гаригт гарах төлөвтэй. Гэвч МҮАН-ын зүгээс намын дарга М.Энхсайханыг нэр дэвшүүлэхээр болсноо мэдэгдээд байгаа бол МАХН-аас Л.Цог гишүүнийг дэвшүүлэх  санал гаргаад байгаа талаар зарим эх сурвалжууд ярьж буй. “Шударга ёс” эвслээс УИХ-ын дэд дарга Л.Цог, МҮАН-ын дарга М.Энхсайхан нарын хэн нэг нь нэр дэвших үү, эсвэл МАН, АН гэсэн намуудын аль нэгийг дэмжиж оролцох уу гэдэг сонирхол татсан асуултын хариу энэ долоо хоногт багтаж тодорхой болох ёстой.

Ямартай ч 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчдийн хоёр нь тодорхой болж, төрийн тэргүүний төлөөр сонгуулийн сунгаа эхлэх дөхлөө.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж