Энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Монгол Улсын хөгжил, амьдралд томоохон алхам хийж, хэрэгжүүлсэн учир одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж байна. Шинэчлэлийн Засгийн газар шинэчлэл, өөрчлөлтийг хийж байгаа. Ийм цаг үед ардчилсан Ерөнхийлөгч урьд өмнөхөөсөө илүү их хэрэгцээтэй гэдгийг манай нам сануулж хэлж байна. Ер нь сүүлийн 23 жилийн хугацаанд авлигад идэгдсэн улс орныг аварч, ардчилал нь сөгдөж байсан үеийн Монголоо төлөөлж, шударга ёсыг тогтоож ирсэн. Шударга ёсыг тогтоож болдог гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч маань шударгаар харуулж чадсан юм. Тийм учраас шинэчлэл, өөрчлөлтийг хэрэгжүүлэх тохироо бүрдсэн энэ үед ардчилсан Ерөнхийлөгч нэн түрүүнд шаардлагатай гэдгийг дахин хэлье. Үнэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч шударга ёсыг тогтооё, өөрчлөлт, шинэчлэлийг хийе гэсэн ийм сэтгэл зүрхтэй хүн. Энэ ажлыг эхлүүлсэн учраас найман сарын хугацаанд хийж чадлаа. Ийм учраас хууль тогтоох, засаглах эв нэгдлийг бий болгон бие биеэ дэмжин хүчирхэг, сөргөлдөөн биш нэгдлийг өнөөдрийн түвшин харуулж чадсан. ҮЗХ-ны гишүүдийн итгэл үнэмшил нэгдэж, 100 хувийн саналаар Ерөнхийлөгчийг дэмжсэн гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.
Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшихээр МАН-аас Б.Бат-Эрдэнэ, АН-аас Ц.Элбэгдорж нар өрсөлдөх эрхээ аваад байна. Харин одоо “Шударга ёс” эвсэл одоогийн Ерөнхийлөгчийг дэмжиж оролцох уу эсвэл эвслээс Ерөнхийлөгчид өрсөлдөх үү, МАН-ыг дэмжиж оролцох уу зэрэг олон асуулт үлдээд байна. Энэ асуултын хариу ирэх баасан гаригт гарах төлөвтэй байна. Ямартай ч 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчдийг хоёр нь тодорхой болж, сонгуулийн сунгааны эхлэл тавигдлаа.