Геологичдийг дэмжихийг хүсэв

Хуучирсан мэдээ: 2013.05.07-нд нийтлэгдсэн

Геологичдийг дэмжихийг хүсэв

Монголын геологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, энэ салбарт ажиллагсдын эрх ашгийг хамгаалах, эвлэлдэн нийлэх зорилготой Геологич эмэгтэйчүүдийн клуб байгуулагдаад нэг жил болж буй бөгөөд клубын эмэгтэйчүүд өнөөдөр “Монгол ньюс”-д мэдээлэл хийлээ.  Тус клубт одоогоор геологийн салбарт ажилладаг болон ажиллаж байсан 100 гаруй эмэгтэйчүүд нэгдсэн бол ийнхүү нэг жилийн ойн баяраа тавдугаар сарын 9-ний өдөр “Чингис” зочид буудалд тэмдэглэх юм байна.
Монголд одоогоор геологийн салбарт 6000 гаруй хүн ажиллаж буйгаас хагас нь эмэгтэйчүүд байдаг аж. Хөдөлмөрийн хүнд нөхцөлд тооцогддог геологийн судалгаа, эрэл хайгуулын ажлын онцлогийг харгалзан үзэж, нийгмийн халамж, цалин урамшууллын тогтолцоог сайжруулах хэрэгтэй байгаа тухай геологич эмэгтэйчүүд саналаа илэрхийлсэн юм. Энэ талаар Геологич эмэгтэйчүүдийн клубын Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Энхтуяагаас тодрууллаа.

-Эвлэлдэн нийлэх болсон шалтгааныг тайлбарлаач. Танай салбарт ямар бэрхшээл гардаг вэ?

-Геологийн салбар бол жилийн дөрвөн улиралд тасралтгүй ажилладаг, хүнд салбар. Дөрвөөс 12 дугаар сар хүртэл ерөнхийдөө геологийн хайгуул хийгээд, өвлийн хугацаанд судалгаагаа боловсруулах, дүгнэлт гаргах суурин ажил хийдэг. Тэгэхээр хөдөлмөрийн техник хэрэгсэл, урамшууллын тогтолцоог сайжруулах, ажиллагсдын цалинг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Энэ салбарыгаа нэгдсэн бодлогоор дэмжих хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд дан ганц уул уурхай гэсээр геологийн хайгуулыг орхигдуулж байна.

-Одоогоор энэ салбарт ажиллагсдын цалин ямархуу байна вэ?

-Цалингийн хувьд үүрэг, хариуцлага, албан тушаалын ялгаанаасаа болоод мэдээж харилцан адилгүй. Энэ салбарын төрийн албан хаагчид нэг сарын 600 гаруй мянга, төрийн үйлчилгээний чиглэлээрх ажилтан сарын 500 гаруй мянга гээд ер нь анх ажилд орж байгаа хүмүүс 400 мянган төгрөгөөс эхэлдэг. Ингэхээр геологичдын цалин доогуур байгаа юм. Ямартай ч бид дуу хоолойгоо нэгтгэх клубээ байгуулаад нэг жил болчихож. Цаашдаа энэ салбарт ажилладаг эмэгтэйчүүд бидэнтэй нэгдээсэй гэж бодож байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж