Олон улсыг түгшээж буй шувууны томуугийн “H7N9” вирусын халдвараар Хятадын гурван мужид дахин дөрвөн хүн нас барсан тухай “Reuters” агентлаг мэдээлжээ. Ийнхүү өнгөрсөн гуравдугаар сараас хойш Хятадын олон мужид тархаад буй шувууны томуугийн “H7N9” вирусын халдвараар нас барсан хүний тоо 31 болж, нийт 129 хүн өвчлөөд байна. Хятадын эрүүл мэндийн албанаас хийсэн мэдээллээр “H7N9” вирусын халдвараар нас барсан дөрвөн хүний хоёр нь Жянсу мужийнх бол үлдсэн хоёр нь Жезян, Аньхуй мужийн оршин суугчид гэнэ. Харин Хятадын Засгийн газрын зүгээс “H7N9” виурсын халдварын улмаас нас барсан дээрх дөрвөн хүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
Үүний зэрэгцээ шувууны томуугийн шинэ төрлийн “H7N9” вирусын өсвөрөөр Фужян мужид хоёр хүн өвчилснөөр тус мужид ч мөн халдвар гарсан нь тогтоогдсон байна.
Хятадын эрдэмтдийн зүгээс шувууны томуугийн “H7N9” вирус тахианаас хүнд халдсан гэж мэдэгдэж байгаа боловч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаар вирусын халдвараар өвчилсөн хүмүүсийн 40 хувь нь тэжээвэр шувуутай ямар нэгэн байдлаар харьцаагүй гэдэг нь тогтоогджээ.
Б.АНХТУЯА