Оюутан, сурагчдын амралт эхлэх гэж буйтай холбогдуулан УДЭТ тавдугаар сарыг хүүхдийн жүжгийн өдөр болгон зарлажээ. Энэ хүрээнд энэ сарын 5-нд С.Жаргалсайханы “Тэмүүжин” хүүхдийн түүхэн жүжгийг тайзнаа амилуулсан бол маргааш буюу 8-нд 11.00 цагт зохиолч Г.Х.Андерсоны “Лусын дагина” хүүхдийн сонгодог уянгын драмын жүжиг, 9-нд 11.00 цагт К.Дрангунскаягийн “Онц сурлагатнууд орохыг хориглоно” орчин үеийн мюзикл жүжгийг тоглох юм. Түүнчлэн тус театр энэ оны уран бүтээлийн төлөвлөгөөндөө хүүхдийн шинэ жүжиг тавихаар тусгаад байна. Тэрхүү шинэ уран бүтээл нь зохиолч Д.Содномдоржийн “Норовын намтар” бэсрэг найраглалаас сэдэвлэсэн синтиз мюзикл бөгөөд УДЭТ-ын найруулагч Ч.Түвшин уг бүтээл дээр ажиллаж байгаа аж. Мөн театрын уран бүтээлчид удахгүй тохиох хүүхдийн баярт зориулсан тоглолтоо энэ сарын 31-нд 13.00 цагт ганцхан удаа тоглох нь ээ.
Г.ДАША