ЭМЯ-наас хатгалгааны эсрэг вакцин хийхээр болжээ. Энэ вакциныг хэзээнээс, яаж хийх болсон, хэдэн насны хүүхдүүд хийх талаар ЭМЯ-ны Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Нарангэрэлээс тодрууллаа.
-Энэ вакцины тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?
-Манайд жилд 0-5 насны 27 мянган хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг. Эдгээр хүүхдийн 10-аад мянга нь амьсгалын замын өвчнөөр өвчилдөг бол, дөрвөн мянга орчим нь уушгины хатгалгаагаар өвддөг гэсэн судалгаа бий. Үүнээс харахад хүүхдийн өвчлөл эндэгдлийн шалтгааны нэгд уушгины хатгалгаа орж байна. Иймээс вакцин хийснээр дархлаа бий болно. Хатгаа олон янзын шалтгаанаас үүсдэг ч энэ вакциныг хийлгэснээр энэ төрлийн өвчлөл 40 хувиар буурна гэсэн судалгаа гарсан.
-Хэдэн насны хүүхдүүд энэ вакцинд хамрагдах вэ. Бүх хүүхдэд хийх үү?
-0-2 насны хүүхдэд товлолоор хийнэ. Энэ нь хоёр сартай, дөрвөн сартайд хийнэ. Вакцин хийлгэх хүүхэд цоо эрүүл байх хэрэгтэй. Чихээр нь хатгасан ч юм уу, халуунтай байгаа хүүхдэд хийхгүй. Энэ нь өрөвсөлтэй байгаа биед гадны биет оронгуут өрөвслийг нь улам идэвхжүүдэг. Тиймээс биед нь ямар нэг зовиур, өвчингүй хүүхдэд ямар ч төрлийн вакцин хийж болно. Тиймээс энэ вакциныг хийлгэх эцэг эхчүүд хүүхдээ ханиад хүрээгүй, чихээр нь хатгуулаагүй, халуураагүй байхад нь хийлгэх ёстой.
-Хэчнээн төгрөгийн вакцин хийх төлөвлөгөөтэй байгаа вэ. Аль улсаас оруулж ирэх вэ?
-Энэ асуудал одоо төлөвлөгөөний шатандаа явж байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын таван хүний бүрэлдэхүүнтэй зөвлөх баг ажиллаж байна. Эдгээр хүмүүс долоо хоног ажиллана. Нэг тун вакцин 13 ам.долларын үнэтэй, дөрвөн тунг нэг хүүхдэд хийнэ. Одоогоор вакцин худалдаж авах санхүүгийн боломж бага байгаа учраас бид Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон, НҮБ-ын Хүүхдийн сангаас вакцин худалдаж авч өгөөч гэсэн санал хүргүүлэх гэж байна.
-Хэзээнээс вакцин хийж эхлэх вэ. Иргэд өөрсдөө худалдаж авч хийлгэх үү?
-Энэ оны аравдугаар сараас хийж эхлэх төлөвлөгөөтэй байна. Эхний ээлжинд улс даяар биш, өвчлөл ихтэй хоёр дүүргийг сонгож хийнэ. Тэгээд вакцин хийгдээгүй дүүргүүдтэй харьцуулж үр дүнгээ тодорхойлно. Ер нь вакцин хийсэн үр дүн олон жилийн дараа гардаг. Жишээ нь, улаан бурхны вакциныг манайх 1970 оноос хийж эхэлсэн. Одоо л улаан бурхан өвчнөөр өвчлөх нь багасч байгаа үр дүн харагдаж байгаа. Хаанаас вакцинаа оруулж ирэх нь тодорхой болоогүй. Гэхдээ мэдээж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын итгэмжлэгдсэн орноос оруулж ирнэ.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2012/1/978f5b44b88780f2/fd45d1cb9dd2726dbig.jpg)