
-Улс орон даяар цэрэг татлага дууслаа. Энэ удаагийн цэрэг татлагын дүн ямар гарав?
-Цэргийн зарлан дуудах хуудас авсан залуусын 91.4 хувь нь цэргийн албанд тэнцлээ. Энэ бол яах аргагүй сайн мэдээ бөгөөд бидний ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байлаа гэж хэлж болно.
-Залуус сайн дураараа цэрэгт явах нь сонирхол их байна гэсэн. Энэ юутай холбоотой юм бол?
-Сүүлийн үед залуус сайн дураараа цэргийн алба хаах болсон. Үүнийг цэргийн албанд явсан иргэдийг халагдаад ирэхэд нь үнэ төлбөргүй сургалтад хамруулах, цаашлаад ажлын байраар хангах ажлыг эхлүүлсэнтэй холбоотой болов уу. Цэргийн алба хаах нь Монгол Улсын иргэн бүрийн үүрэг. Хэдий тийм ч төрийн зүгээс иргэддээ анхаарал хандуулж цэргийн алба хаах хэлбэрүүдийг бий болгосон. Ингэснээр тухайн иргэн ямар хэлбэрээр алба хаахаа өөрөө сонгох боломжтой болсон бөгөөд энэ нь залууст давуу талыг бий болгож байна. Нөгөө талаас цэргийн алба хаасан залуусыг ажилд авах нь ихэссэнтэй холбоотой болов уу. Нэг үе эцэг эхчүүд өөрсдөө хүүхдээ цэрэгт явахыг нь хорьдог байсан бол одоо дэмждэг болж. Энэ жилийн тухайд цэргийн албанд татагдсан иргэдийн 27 хувь нь буюу дөрвөн хүний нэг нь дээд боловсролтой байна.
-Цэргийн жинхэнэ алба хаагаагүй иргэдийн хувьд дүйцүүлэх албаны төлбөр төлдөг. Энэ жил төлбөр нь нэмэгдсэн үү?
-18-25 насны залуусыг цэргийн албанд татаж, зарлан дуудах хуудас хүргүүлдэг. 26 нас хүрсэн залуус дүйцүүлэх албаны мөнгө төлдөг бөгөөд тодруулбал, 1987 онд төрсөн залуус энэ мөнгийг төлдөг юм. Дүйцүүлэх албаны мөнгийг жил болгон шинэчлэн тогтоодог. Энэ жил 3.7 сая төгрөг болсон. Иргэд дүйцүүлэх албаны мөнгийг бүгдийг нь төлнө гэж ойлгоод байдаг. Уг нь тухайн хүн хэдэн удаа, ямар асуудлаар хаалгаж байснаас хамаараад мөнгөн дүн нь багасдаг. Найман жилийн хугацаанд жил бүр бүртгүүлж байсан бол тухайн жилд төлөх ёстой мөнгөн дүнгийнхээ 14 хувийг нь төлөх жишээтэй. Иймд цэргийн зарлан дуудах хуудас ирсэн бол цаг тухайд нь бүртгүүлэх хэрэгтэй.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин