Нөгөө талаас түүхий эдийн нөөцөө бүрэн ашиглаж чаддаггүй учир үйлдвэрлэгчид нь түүхий эдээр дутагдах, малчдын орлого тогтворгүй байгааг ч сануулдаг. Тэгвэл хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн тухайн хууль 2011 оны зургадугаар сард батлагдаж, өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн.
Ингээд Хөдөө аж ахуйн биржээр ноос, ноолуур, улаан буудай, мал зэргийг эхний ээлжинд арилжаалахаар тусгасан. Биржийн анхны арилжааг цаг үетэйгээ холбон ноолуурын арилжаагаар эхэлж, Хэнтий, Дорнод, Сүхбаатар гэсэн зүүн гурван аймгийг хамруулсан. Анхны арилжаа өнгөрсөн сарын 5-нд туршилтаар явагдаж эхэлснээс хойш өнөөдөр нэг сарын нүүр үзээд байна. Энэ хугацаанд буюу дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар Хөдөө аж ахуйн бирж 18 удаагийн арилжаа зохион байгуулж, 1920 орчим тонн ноолуурыг 123 орчим тэрбум төгрөгөөр борлуулжээ.
Брокерийн компаниуд аймаг, сумд дахь итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөрөө дамжуулан ноолуураа цуглуулж, баталгаат агуулахууддаа хийдэг аж. Үүний дараагаар бүтээгдэхүүн авах хүсэлтэй компаниудаас саналыг нь авч, хэлэлцээр хийдэг байна. Харин арилжаагаа явуулахдаа биржээр дамжуулан саналыг нь авна гэсэн үг. Хэрэв авах хүсэлтэй компанийн үнийн саналтай, брокерийн зарах үнэ нь тохирч байвал хэлэлцээр хийж, бүтээгдэхүүнээ зардаг байна. Түүхий эдийн төлбөр “Хадгаламж” банкаар дамжин хоёр хоногийн дотор малчин эсвэл хоршоодод очдог ажээ. Манай улс жилдээ 6000 тонн орчим ноолуур бэлтгэдэг. Албан бус тоогоор үүний 30 орчим хувийг нь дотоодын үйлдвэрүүд авч, үлдсэн нь экспортод гардаг аж. Тэгвэл бид өмнө нь хэчнээн хэмжээний, ямар төрлийн ноолуур экспортод гарч буйг мэддэггүй байсан бол одоо албан ёсны тоо нь ил болж байгаа юм. Учир нь экспортод гарч буй ноолууранд анхан шатны боловсруулалт хийж, заавал биржээр арилжаалсан байх ёстой гэж Хөдөө аж ахуйн биржийн тухай хуульд зааж өгчээ. Ингэхээр ноос, ноолуур угаадаг 30 гаруй үйлдвэрүүдийн ажил идэвхжиж, дээр нь гаалийн болон НӨАТ-ыг түүхий эдээс авч буйгаараа эдийн засагтаа өгөөжтэй аж. Хилээр гарч буй түүхий эд, бараа бүтээгдэхүүнд бага хэмжээний ч болов нэмүү өртөг шингэж буй нь эндээс харагдаж байна. Манай ноолуур Хятад, Япон, Италийн зах зээлд түлхүү гардаг. Зургадугаар сараас эхлэн ноос, улаан буудай цаашдаа мал, махны арилжааг хийхээр биржийнхэн төлөвлөж байгаа гэсэн. Арилжаалах бараа, бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээ нэмэгдэхээр брокерийн компаниудыг нь ч нэмэх юм байна. Түүнчлэн энэ оны сүүлч гэхэд биржийн арилжааг танхимаар биш онлайн хэлбэрээр явуулахаар судалж байгааг тус биржийн Гишүүнчлэлийн албаны дарга Ч.Чимэгбаатар хэлсэн. Хэрэв онлайн хэлбэрт шилжвэл бүртгэлтэй компаниудын төлөөлөл хүссэн газраасаа арилжаанд оролцох боломжтой гэсэн үг.
Малчид арилжаанд оролцохдоо өөрсдөө нэгдэн хоршоо байгуулж, төлөөллөө Хөдөө аж ахуйн биржийн арилжааны танхимд суулгах эсвэл биржийн аймаг орон нутаг дахь салбаруудад түүхий эдээ тушаах боломжтой аж. Одоогийн байдлаар албан ёсоор хоршоо байгуулж арилжаанд оролцож буй малчид байхгүй гэнэ. Ихэнх нь брокерийн компаниудаар дамжуулж ноолуураа арилжиж байгаа гэсэн үг. Өмнө нь малчид ноолуураа хэдэн төгрөгийн ахиу үнээр нь худалдаачих юмсан гэж ченжүүдийн амнаас гарч буй үнийг харьцуулан үзэж бага хэмжээний судалгааны ажил хийж байж хэнд зарахаа шийддэг байсан. Тэгвэл биржийн арилжаа явагдаж эхэлснээр жишиг үнэ тогтож, малчид ноолуураа энэ үнээс доогуур өгөхгүй болж байгаа нь хамгийн том давуу тал гэдгийг Хөдөө аж ахуйн биржийн Гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат хэлсэн. Ингэхээр түүхий эдийн зах зээлийн борлуулалт ил тод болж, малчид бодит мэдээллээр хангагдаж буй юм. Мөн түүхий эдийн чанар сайжирч, үнийн хэт хэлбэлзэл үүсэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа онцлог. Ингэснээр малчдын орлогын гол эх үүсвэр нь баталгаатай болно гэсэн үг.
Дэлхий нийтийн жишигт бараа, түүхий эд, валют, хөрөнгийн бирж үйл ажиллагаа явуулж, эдийн засгаа өөд нь татдагаас таваарын бирж ачааны хүндийг нугалдаг гэдгийг Ж.Эрдэнэбат захирал онцолсон. Ази, Латин Америкийн улс орнуудад хөдөө аж ахуйн биржийн худалдаа сүүлийн жилүүдэд эрчимжиж байгаа ажээ. Хамгийн эхэнд дулаардаг зүүн гурван аймгийн ноолуур чанартай, микрон нь бага байдаг учир үнэ нь төвийн болон баруун аймгаасаа өндөр байдаг гэсэн. Энэ жилийн хувьд ноолуурын ханш 62-75 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж буйг “МЭТУ” арилжааны компанийн брокер З.Эрдэнэхуяг хэлсэн. Манайд ноолуур нь цайвар, бараан, цагаан гэсэн гурван төрөл байдаг. Үүнээс цайвар ноолуур хамгийн их тархацтай байдаг ажээ. Өнгөрсөн жилүүдийн жишгээс харахад, Төв аймгийн ноолуур кг нь 65 мянга, Хөвсгөлийн ноолуур кг нь 69 мянга, Хэнтийнх кг нь 74 орчим мянган төгрөгөөр худалдаалагддаг байна. Өнгөрсөн нэг сарын хугацаанд 120 тэрбум төгрөгийн ноолуур ажилжаалсны 80 орчим тэрбум төгрөгийн ноолуурыг нь экспортод гаргахаар Хөдөө аж ахуйн биржээс бичиг авчээ.
Жилдээ манайх 6000 орчим тонн ноолуур бэлтгэдэг гэж бодохоор одоогоор нийт ноолуурынхаа гуравны нэгийг биржээр худалдаалаад байгаа гэсэн үг. Бирж байгуулагдсанаар орон нутгийн дэд бүтэц сайжирч, төсөвт өгөх орлого нь нэмэгдэхийн зэрэгцээ иргэдийн гар дээр бэлнээр дамждаг байсан мөнгө банкуудад шилжиж, эдийн засгийн эргэлтэд орж буйгаараа онцлог юм.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин