Үнэхээр ч бүхэл бүтэн томоохон хэмжээний сургууль, цэцэрлэг, эмнэлэг, үйлдвэр барих мөнгийг хөшөө босгоход зарчихсан байх нь эмгэнэлтэй санагддаг. Өнгөрсөн онд гэхэд л зөвхөн хөшөө босгоход зориулж 40 тэрбум төгрөг төсөвлөсөн. Төсвөөс мөнгийг нь гаргаж зөвхөн нэг жилд улсын хэмжээнд барьж босгосон хөшөөнүүдийн нийт үнэ өртгийг тооцоолон гаргавал ийм хэмжээний мөнгө болох нь ойлгомжтой асуудал л даа. Сүүлийн хэдэн жил нийслэл, аймаг, сум, багт босгосон янз бүрийн хөшөөнүүдийн өртгийг хооронд нь нэмбэл бүр их тоо гарах биз. Жуулчдыг татах, өөрснөө ч очоод үзэж харах сонирхолтой, содон шийдэл бүхий, хойч үед түүх хүүрнэж үлдэх хөшөө дурсгал байгуулахыг мэдээж ард олон дэмжинэ. Гэтэл хөшөө гэхэд ахдам хачин янзын юмыг хэдэн зуун сая, тэрбумаар босгочихдог нь таагүй.
Өвөрхангай аймгийн Хорхорин суманд, Эрдэнэзуу хийдийн өмнө дэнж дээр “Боов хад” гэх нэртэй эр хүний бэлэг эрхтэнийг дүрсэлсэн нэгэн хөшөөг хэдэн жилийн өмнө манай төрийн түшмэлүүд хийж тавиад нутгийн ард олны шаардлагаар түүнийгээ буулган ачиж явсныг уншигчид санаж буй байх. “Ийм балай юм хийж тавин биднийг хол ойрын хүмүүсийн элэг доог болгож байна” хэмээн нутгийн иргэд бухимдсан юм. Хөшөөний суурин хэсэгт “Чингисийн монгол эрчүүддээ зориулав” хэмээн сийлсэн нь дайран дээр давс гэгчээр нутгийнхны ундууцлыг бүр ч ихээр төрүүлсэн гэдэг. Нээрээ ч ямар бэлгэдэл, утга учрыг шингээсэн нь мэдэгдэхгүй, урт гэгчийн бэлэг эртхэн эгц дээшээ гозойсон байх нь муухай юм билээ. Нэг шооч нөхөр “Жаахан зороод их бууны хөшөө болгочихгvй” гэж хэлэхийг сонсоод инээдээ барьж чадаагүйгээ санаж байна. Нутгийнхныг ичээж, холын хүмүүсийг хөгжөөсөн энэ бүтээлийг 50 сая төгрөгөөр хийлгэсэн гэдэг. Гэтэл энэ нутагт ард түмний дунд “Боов хад” хэмээн нэршсэн, орон нутгийнхан, хол ойрын мөргөлчид очиж үр хүүхэд, эмэгтэйчүүд хань ижил гуйдаг үнэгүй хөшөө дурсгал бэлээхэн байж байдаг юм шүү дээ.
Хөшөө барих нь мөнгө угаах нэг арга болсон гэх олны яриа үнэний хувьтай байж мэдэхээр бэлээхэн нэг жишээ байна. Баянзүрх дүүргийн нутаг, Чулуун овооны тойргийн голд хоёр тийш нь харуулан босгосон нохойны хөшөө бий. Зарим хүмүүс үүнийг нохой биш арслан гэдэг. Үүнтэй яг адилхан хөшөө нохой үржүүлгийн газартай Түвшээ гэх залуугийн хашаанд байдаг юм. Жирийн иргэний хашаандаа хийгээд тавьсан энэ хөшөө, материал, хийцийн хувьд Баянзүрх дүүргийнхээс ялгагдах юмгүй адилхан шахуу мөртлөө үнэ өртөг нь хэдэн зуун саяын зөрүүтэй.
Бид Т.Түвшээгийн “Мянган найз” нохой үржлийн газарт очлоо. “Мянган найз” телевизийн шинэ эцсээс зүүн хойшоо хэдхэн метр газарт бий. Хашаан дотор асар, басар хоёр нохойгоо дагуулаад морио унан явж буй монгол баатар эрийн хөшөөг урлаад, дуусгалгүй орхисон байв. Дөрвөн жилийн өмнө эхлүүлсэн ч дуусгаж амжаагүй байгаа гэнэ. Баянзүрх дүүрэгт босгосон нохойны хөшөөтэй асар, басар хоёрын хөшөө их адилхан байгаа тухай түүнтэй хөөрөлдөхөд, тэрбээр “Нэг бацаан байн байн утасдаад, ирээд банхар үзмээр байна гээд байхаар нь үзүүлсэн чинь манай энийг хуулаад хийчихсэн байдаг байгаа” гэж гайхширч байв.
Бид ийнхүү ярилцав.
-Энэ асар, басар нохойгоо дагуулсан монгол баатар эрийн хөшөө Баянзүрх дүүрэгт босгосонтой материал нь яг адилхан болов уу?
-Адилхан, нэг л материал. Энэ бүр сайн ч байж магадгүй. Хагардаггүй, герман хар цементээр цутгасан юм. Одоо засч янзлаагүй, дан цементээрээ байгаа нь энэ. Гадуур нь будаг түрхэж, үс энэ тэрийг нь товойлгож, морьтой баатрын жолоо, цулбуурыг хийгээд ирэхээр амилаад, гоё болно.
-Ямар өртгөөр хийж байгаа вэ, нууц биш бол?
-Нууцлаад байх юу байх вэ. 35 сая төгрөг болохоор тооцоо гарсан. Одоо 60 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Суурины гадуур саад хийж, гэрэл нэмж тавиад, хөшөөгөө будаж янзлаад, ажлын хөлсөө өгөөд дуусгахад ийм хэмжээний өртөг гарахаар байна билээ. 35 саяд бас манай хашаанд байгаа монгол банхрын гөлөг тэвэрсэн хүүхэд, зүлгэн дунд тоглож буй гөлөгнүүдийн хөшөөний өртөг багтаж байгаа л даа.
Түвшээ нэлээд нүсэр энэ хөшөөнийхөө нийт өртгийг 35 сая гэж хэллээ. Тэгвэл Баянзүрх дүүргийн нутагт байгаа манай төрийн банхар 750 саяын өртөгтэй юм гэнэ билээ. Бараг л тэрбум төгрөг. Мөн ч их зөрүүтэй байгаа юм шүү.
Чингэлтэй дүүргийн нутаг, хуучнаар Эрх чөлөөний талбай, гоёчилсон шинэ нэрээрээ бол Тусгаар тогтнолын талбайд дүүргийн төр захиргааны байгууллагын удирдлагууд хоёр тэрбум, хоёр зуун сая төгрөгийн өртөгтэй нэгэн хөшөөг босгосон. Энэ хөшөөнийхөө талаар “Үндсэн өртөг нь хоёр тэрбум хоёр зуун сая ч бид мөнгөө хэмнэж, тэрбум хагас төгрөгөөр барьсан” гэж албаны хүн сайрхана билээ. Хөшөөний бэлгэдэл их “нарийн”. Монголчуудын тусгаар тогтнолд зориулсан энэ хөшөөний боржин чулууг уулнаас авчирсан гэнэ. Ноён уулнаас олдсон хүннүгийн үеийн булшнаас гал, сар, нар гурвын дүрс гарч ирсэн учир хөшөөний оройд зэсээр гал, сар, нар гурвыг хийж байрлуулжээ. Харин хөшөөн дээр монгол бичгээр “Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” хэмээн монгол бичгээр сийлсэн гэнэ. Энэ бүгдийг нийлүүлсний утга учир нь ямар агуу болох, юуг бэлгэдэж байгаа талаар сонсохоос залхуу хүрэм лекцийг албаны хүн цаг гаруйн турш “уншчихлаа”. Энэ үед “Хөшөөг хараад иргэд энэ хүний хүний ярьсан шигээр ойлгочихдог бол сайхан л байна” гэсэн хэдэр бодол толгойд эргэлдсэнийг нуух юун. Энэ хөшөө товчхондоо албаны хүний ярьсан “утга учир”-тайгаа нийлээд тэрбум хагас төгрөгийн өртгөөр боссоныг дээр дурдсан.
Энэ мэтчилэн дурдаад байвал материалаасаа илүү “утга учир” нь үнэд хүрсэн хөшөөнүүд ялангуяа нийслэлд маань олон. Баянзүрхийн Засаг ноёныг АТГ-д дуудуулсан “Эвтэй дөрвөн амьтан”, Баянголын Засаг бүсгүйг авлигын хэрэгт сэжиглэхэд хүргэсэн “Алунгоо эх” гээд /Алунгоо эхийн хөшөөг 185 саяар хийхээр төсөвт тусгасан тухай хэвлэлүүдэд мэдээлж байв/ олон хөшөөний цаана мөнгө угаасан бизнес явагдаагүй гэдгийг зөвхөн барьж босгосон хүмүүс нь мэдэх хэрэг болжээ. Учир нь хөшөөнүүдийг үнэ цэнэтэй хүрлээр хийсэн үү, үнэ хүрэхгүй шавраар хийсэн үү гэдгийг шалгахын тулд барилгачин болох шаардлага авлигатай тэмцэгчдэд байгаагүй биз.
Уг нь бидэнд хөдөө хээр байгаа хүн чулуу, буган чулуу гэхчлэн дахин давтагдашгүй гайхамшигт хөшөө дурсгалууд зөндөө бий. Түүндээ мөнгө зарж хайрлан хамгаалахын оронд нийгмийн хөрөнгийг хэдэн тэрбумаар нь энэ мэтээр үргүй урсгаад байвал хайран л юм даа.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин