
Тус компанийн өндөглөгч шувуу байрладаг хоёрдугаар байранд өндөглөгч тахиа олноор үхсэн байсан бөгөөд үхсэн тахианаас түүврээр дээж авч тус компанийн мал эмнэлгийн лабораторид задлан хийж шувууны томуу, нъюкасл өвчин илрүүлэх түргэн тестийн шинжилгээ хийж үзэхэд уг өвчин илрээгүй байна. Задлан хийсэн тахианаас эд эрхтэний 15 дээж материалыг онош тодруулж, баталгаажуулах шинжилгээнд авчээ.
Хорооны Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан, томилогдсон ажлын хэсэг нүх ухаж 18330 толгой үхсэн тахиаг устгаж, ариутгал халдваргүйжүүлт хийн, устгалын болон халдваргүйжүүлэлтийн акт бичиж комиссын гишүүдээр баталгаажуулан, холбогдох арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажилласан байна.
Энэ сарын 5-ны 05 цагийн орчимд өндөглөгч шувууны 2-р байрны цахилгааны пускатель бууж түүнийг буцаан залгахад шувуу дуугарч зүгээр байсан гэж тэр үед жижүүрт гарсан ажилтан мэдэгджээ. Тухайн үед уг зааланд орж шувууг үзээгүй бөгөөд өглөө тус заалны шувуу маллагч байранд ороход тахиа олноор үхсэн байсан тул захирал, болон бусад холбогдох хүмүүст хэлж мэдээлсэн байна. Тус байранд нийт 38 мянга орчим толгой өндөглөгч тахиа байжээ.
Урьдчилсан байдлаар тус байранд агааржуулагч системийн гэмтлийн улмаас тэнд байсан тахиа хүчилтөрөгчийн дутагдалд орж олноор үхсэн байж болзошгүй бөгөөд УМЭАЦТЛ-т явуулсан дээж материалын шинжилгээгээр шувууны томуу өвчин биш болох нь батлагдсан байна. Шинжилгээний хариу гарах хүртэлх хугацаанд тус байрны тахианд шилжилт хөдөлгөөн хийхгүй байж, өндөг болон бусад бүтээгдэхүүний худалдаа, борлуулалтыг түр хугацаагаар зогсоох арга хэмжээг авчээ.
Тус компани нь 2004 оноос нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээний өндөг нийлүүлэх чиглэлээр 120 мянган өндөглөгч шувуутай үйл ажиллагаа явуулдаг аж. Одоогоор “Түмэн шувуут” ХХК-ны үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн МХХ байнгын хяналт тавин ажиллаж байгаа юм байна.