ҮЗХ нэр дэвшигчийн журмыг баталлаа

Хуучирсан мэдээ: 2013.05.07-нд нийтлэгдсэн

ҮЗХ нэр дэвшигчийн журмыг баталлаа

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан 13.30 цагт Төрийн ордонд эхэллээ. ҮЗХ-ны 42 дахь хуралдаанаар гурван асуудал хэлэлцэх юм байна. Хурлын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх журамыг хэлэлцлээ. Энэхүү журмыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж танилцууллаа. УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж “АН-аас улстөрийн албан тушаалд дэвшүүлэх журмын 3.1, 3.2, 3.3 гэсэн заалтыг хүчингүй болгож, энэ заалтад байсан  асуудлыг хөндөхгүйгээр одоогийн хуульд нийцүүлэн журмыг боловсруулсан” гэлээ. Энэхүү журмын дагуу нэр дэвших тухай зөвшөөрлийг бичгээр гаргах, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг сонгохдоо ҮЗХ-ны гишүүдийн ирц, тоо мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн  сонгуулийн тухай хуулийн 25-р зүйлд заасны дагуу банк болон төлбөр тооцоо хийх байгууллагуудад өр, төлбөргүй байх, ялгүй байх, өөрийн хүсэлт зэргийг бичгээр Гүйцэтгэх зөвлөлд өгнө. Түүнчлэн тухай хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж чадах, ёс зүйн хэмжээг сахиулан биелүүлэх зэрэг заалтыг ҮЗХ-ны хурлаар батлуулах  зэргийг тусган энэхүү журмыг хэлэлцлээ. Журмыг ҮЗХ-ны гишүүдийн олонхи дэмжиж баталлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг сонгох журмыг баталсаны дараа ҮЗХ-ны хуралдаан Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарийг жинхлэх асуудлаар хаалттай хуралдахаар боллоо. Тэрээр өнгөрсөн оны намраас тус намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаа юм.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж