
-“Монголын аж үйлдвэрийн бодлого” сэдэвт семинарын зорилго юу вэ?
-Монгол Улсын аж үйлдвэрийн стратегийг боловсруулах асуудлаар судалгаа хийж байгаа. НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагаас санхүүжүүлээд хамтарсан судалгаа хийж байна. Энэ судалгааны ажлын хүрээнд хэлэлцүүлэг явуулж байгаагийн хоёр дахь нь өчигдөр, өнөөдөр хоёр өдөр үргэлжилж байна.
Хэлэлцүүлэгт НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагын төлөөлөгчид, аж үйлдвэрийн салбарын олон улсын шинжээчид оролцож байна. Тухайлбал, уул уурхай, мах, ноос ноолуурын гэх мэт. Манай талаас төрийн яам агентлагаас, хувийн хэвшлийн төлөөлөл, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөл хэлэлцүүлэгт оролцож байна.
Хэлэлцүүлгийн зорилго нь энэ салбарт тулгамдаж буй бэрхшээлтэй асуудал юу байна, түүнээс гарах арга зам, авч хэрэгжүүлэх ажлын талаар салбарынхантай уулзаж, тэдний санал солилцож судалгаандаа ашиглах юм.
-Судалгаа хийснээр ямар ач холбогдолтой вэ?
-Судалгааг энэ онд багтаан дуусгачих байх. Судалгааг хийснээр ямар үр дүнд хүрэх вэ гэхээр, Монгол Улсад хүндрэлтэй байгаа аж үйлдвэрийн салбарыг цаашид хөгжүүлэхэд энэ судалгаа нэлээд түлхэц өгөх учиртай. 1990-ээд онд аж үйлдвэрийн салбарын хөгжил жилдээ 22 орчим хувь байсан бол сүүлийн үед арав хүрэхгүй хувьтай болоод байна шүү дээ.
Өнөөдөр болсон энэ хэлэлцүүлэг дээр ноолуурын аж үйлдвэрийн төлөв байдлын тухай, мах боловсруулах аж үйлдвэрийн тухай зэрэг нэлээд чухал илтгэлүүд тавигдлаа. Энэ салбарыг хөгжүүлье, боловсруулах үйлдвэр олноор бий болгоё, экспортод гаргаж буй бүтээгдэхүүнээ боловсруулж, нэмүү өртөг шингээсэн бараа экспортолж байх Засгийн газраас баримталж буй бодлогын үндсэн дээр аж үйлдвэрийн стратегийн зорилго оршиж байна.