Дэлгэрхааны жоншны ордын олборлолтыг сэргээнэ

Хуучирсан мэдээ: 2013.05.07-нд нийтлэгдсэн

Дэлгэрхааны жоншны ордын олборлолтыг сэргээнэ


“Бэрх уул” ХК удирдлагын багаа өргөжүүлж, Олон улсад томоохонд тооцогдох Дэлгэрхааны жоншны ордын олборлолтоо сэргээхээр ажиллаж байна

“Бэрх уул” ХК-ийн удирдлагын багт Компанийн үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Жимми Вайлд, Санхүү эрхэлсэн дэд захирал Жим Флорес нар шинээр томилогдон ажиллаж байна. Компани урьд нь олборлолт явуулж байсан Дэлгэрхааны жоншны ордыг дахин ашиглах зорилт тавин ажиллаж байгаагаа мэдэгдэхэд таатай байна.

Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Мэндсайхан энэ талаар “Бид өөрийн жоншны уурхайгаа дахин сэргээх төлөвлөлтийг ойрын хугацаанд эхлүүлж байгаадаа баяртай байна. Шинээр томилогдсон ноён Жимми Вайлд нь уурхай дахин сэргээх үйл ажиллагааг удирдах бөгөөд ноён Жим Флорес компанийн Нягтлан бодох бүртгэлийг хариуцаж ажиллах юм. Энэ нь компанийн удирдлагын багийг илүү далайцтай ажиллахад нөлөөтэй юм. Бид цаашид Дэлгэрхааны жоншны ордын олборлолтыг дахин эхлүүлэхээр ажиллаж байна” хэмээв.

Дэлгэрхааны жоншны ордыг саяхан хийгдсэн олон улсын 43-101 стандартын дагуу хийгдсэн тайлангаар 33.7% дундаж агуулгатай, 9.6 сая тонн нөөцтэй гэж тогтоожээ.

Жимми Вайлд нь 35 жилийн турш дэлхийн олон орнуудын ил болон далд уурхайн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан өндөр туршлагатай нэгэн юм. Тэрбээр анх Рио Тинто уул уурхайн компанийн Зимбабве улс дахь төсөлд ажиллаж байсан бөгөөд дараагаар нь Өмнөд Африк дахь далд уурхайд ажиллаж байсан. 1990 оноос алмазны бага хэмжээний төслийн Уурхайн дарга, 1992 оноос Ойрхи Дорнодын Хром олборлолтын Oman Chromite компанийн Ерөнхий менежер, 1995 оноос Зимбабве улс дахь Falcon Gold компанийн ZAMASCO-н платины уурхайн даргаар ажиллаж байв. 2001 оноос тэрээр Oryx Natural Resources Limited компанийн Уурхайн дарга болон Үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллан, Конго улс дахь Tschibwe алмазны төслийг хариуцан ажиллаж байжээ.2005 оноос ноён Жимми Вайлд нь ОХУ-ын Tsar Emerald Corporation-ын Малышева дахь төслийг сэргээх, олборлолтыг эхлүүлэх ажлыг хариуцан ажиллаж байв. 2007 оноос ураны салбарт ажиллаж эхэлсэн ба Намиби улсын Forsys Metals компанийн Ерөнхий захирлаар томилогдон ажиллаж байгаад 2010 оноос Малави улс дахь Paladin Energy команийн Kayelekera төсөл дээр мөн Ерөнхий захирлаар томилогдсон  байна.

2012 онд ноён Вайлд нь “Бэрх уул” ХК-ийн ТУЗ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж эхэлсэн билээ.

Жим Флорес
нь 30 гаруй жил санхүүгийн чиглэлээр ажилласан туршлагатай бөгөөд үүнээс 18 жилд нь эрчим хүчний салбарт ажиллажээ. “Бэрх уул” ХК-д томилогдохоос өмнө тэрбээр Колумб улсын металлургийн нүүрс олборлогч Colombia Energy Resources компанийн Санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан. Мөн түүнчлэн Royal Coal корпорацийн Тэргүүн дэд захирал болон Санхүү хариуцсан захирлаар тус тус ажилласан. АНУ-ын Norwest нүүрсний уурхайн корпорацийн Санхүү хариуцсан захирал, мөн Berkshire Hathaway компанийн охин компани болох MidAmerican Energy Holdings компанийн Төслийн санхүүч, Дэд захирлаар тус тус ажиллаж байжээ. Мөн Ноён Флорэс нь Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй нүүрс олборлогч “Шарын Гол” ХК-ийн  Санхүү эрхэлсэн захирал юм.

Тэрбээр АНУ-ын Принстоны их сургуулийг бакалаврын зэрэгтэй төгсөж, Пенсильвани  мужийн их сургуулийн Вартоны  сургуульд санхүүгийн чиглэлээр мастерын зэрэг хамгаалсан.

Үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүсэх бол доорхи хаягаар холбогдоно уу.

Жимми Вайлд
Үйл ажиллагаа хариуцсан захирал
info@berkhuul.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж