&#34Бодитой хөрөнгө оруулалт хийхийг зорьж байна&#34

Хуучирсан мэдээ: 2013.05.07-нд нийтлэгдсэн

&#34Бодитой хөрөнгө оруулалт хийхийг зорьж байна&#34

З.СУГАРМАА: ”ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛД ҮР ШИМЭЭ ӨГӨХ, БОДИТОЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХИЙГ ЗОРЬЖ БАЙНА…”

Боловсролын салбарт даацтай хөрөнгө оруулалт хийж, улс орны цаашдын хөгжлийг хөтлөхүйц чадварлаг иргэдийг төрүүлэн гаргах чиглэлд үндэсний компаниуд багагүй зүйлсийг хийж байна. Уул уурхайн Энержи Ресурс компани үйл ажиллагаа эхэлсэн 2009 оноос эхлэн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд боловсролын салбарын хөгжилд хувь нэмэр оруулах, тэр дундаа алслагдмал орон нутгийн боловсролын чанарт ахиц гаргах тал дээр цогц хөтөлбөр хэрэгжүүлж иржээ. Өнгөрсөн хугацаанд тус компани Өмнөговь аймгийн хамтын хөрөнгө оруулалтаар Цогтцэций суманд орчин үеийн сургууль, цэцэрлэгийн томоохон цогцолбор байгуулсан төдийгүй сумын ЕБС-ийг англи хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай болгож, олон улсын түвшний боловсролыг сумандаа эзэмших нөхцлийг бүрдүүлж эхлээд байна. Саяхан тус компанийн нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд тодрох үеэр бид компанийн Нийгмийн хариуцлага, орон нутгийн харилцааны газрын дарга З.Сугармаатай уулзаж, товч ярилцсан юм.

– Танай компаниас авч хэрэгжүүлдэг боловсролын чиглэлийн төсөл, хөтөлбөрүүдийн талаар сонирхмоор байна. Өнөөдрийн арга хэмжээний талаар мөн мэдээлэл өгөхгүй юу?

– Бид компанийн нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд урт хугацаанд үлдэцтэй, улсын болон орон нутгийн хөгжилд үр шимээ авчрах, бодитой хөрөнгө оруулалт хийхийг зорьдог. Өнөөдөр бид “Ирээдүйн сайн сайхны төлөө” нэртэй, оюутны тэтгэлэгт хөтөлбөрийнхөө 5 дахь жилийн ёслолын ажиллагааг зохион байгуулж, шалгарсан оюутнууддаа тэтгэлгийн батламжийг нь олгож байна. 2009 оноос хойш энэхүү тэтгэлэгт нийт 180 орчим оюутан хамрагдаж, тэтгэлэг хүртээд байгаа. Хамгийн гол нь дан ганц сар бүрийн мөнгөн тэтгэлэг өгөөд зогсохгүй дээрээс нь оюутнуудад манай уурхайн бүтээн байгуулалттай танилцаж, ажлын байрны дадлага хийх боломжийг олгодог гол онцлогтой юм. Инженер, техникийн нарийн мэргэжлээр амжилттай суралцаж байгаа оюутнууд орчин үеийн техник, технологийн ашиглалттай үйлдвэр, олборлолт, боловсруулалтынх нь нөхцөлд газар дээр нь танилцаж, дадлага хийснээр ажлын гараа зөв тавигддаг.

– Тэтгэлэгт шалгарч байгаа оюутнуудын сурлагын чанарт ахиц гарч байна уу? Ямар шалгуураар оюутнуудыг шалгаруулдаг вэ?

– Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудад инженер, техникийн чиглэлээр сайн суралцаж байгаа оюутнуудыг дэмжих нь манай хөтөлбөрийн гол зорилго. Сурлагын голчийг харахаас гадна дэлгэрэнгүй ярилцлага хийж, тухайн оюутны сурах идэвхи, эрмэлзэл хэр өндөр байгааг сайн анзаардаг учраас тэтгэлэг авсан оюутнуудын сурлагын чанар байнга дээшилсэн үзүүлэлттэй байдаг. Мөн бид Өмнөговь аймгийн сурагч, оюутнуудад хандсан “Говийн ирээдүй” нэртэй хөтөлбөрийг давхар хэрэгжүүлдэг. Чадварлаг сайн боловсон хүчин хөдөө орон нутагт хамгийн их хэрэгцээтэй байдаг учраас хөтөлбөрийн үр дүн өндөр байдаг.

– Алслагдмал орон нутагт хамгийн их үгүйлэгддэг зүйлсийн нэг бол чанартай боловсрол. Энэ чиглэлд хийж байгаа ажлуудаас дурдвал?

– Бид Цогтцэций сумын ЕБС-ийг англи хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай болгох хөтөлбөрийг 2010 оноос хэрэгжүүлж, энэ 5-р сард хаалтын ажиллагааг нь хийлээ. Өнгөрсөн 3 жилд сумын сургуулийн багш, сурагчид аймаг, улсын чанартай бүх олимпиадуудаас шагналт байрыг авч байгаа нь манай хөтөлбөрийн үр шимийг харуулдаг. Энэ ажлын хүрээнд англи хэлний эрчимжүүлсэн сургалтын тусгай танхим, лаборатори байгуулж, системтэй сургалтын хөтөлбөр хэрэгжүүлснээс гадна хотоос англи хэлний чадварлаг багш нарыг урьж ажиллуулсан нь их үр дүн өглөө. Гол нь сумандаа, аймагтаа сайн боловсрол эзэмшсэн хүүхдүүд эргээд орон нутгаа ирээдүйд хөгжүүлж, авч явна шүү дээ. Манай компани аймгийн ЗДТГ-тай хамтраад өөрийн үйл ажиллагаа явуулдаг Цогтцэций суманд 700 хүүхдийн сургууль, 144 хүүхдийн цэцэрлэг, 100 хүүхдийн дотуур байрнаас бүрдэл болох “Мөрөөдөл” нэртэй боловсролын цогцолборыг ашинээр байгуулж өгсөн нь хүн амын шилжин суурьшилт ихтэй, нийгмийн үйлчилгээний ачаалал өндөр байдаг суманд маш чухал ач холбогдолтой хөрөнгө оруулалт болсон. Хөдөө байтугай хотод ховорхонд тооцогдох орчин үеийн тохилог орчин, сургалтын нөхцөлийг бүрдүүлж өгсөн байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж