Дундад зуунаас эхлэн хайлуур жоншийг түүнчлэн шаазан эдлэл хийхэд ашигласаар өнөөг хүрчээ.
Энэ ашигт малтмалын дэлхийн бодит нөөцийг 220 сая тонн, боломжит нөөцийг 500 сая тонн гэж үздэг байна.
Хэдийгээр хайлуур жонш дэлхийн хөрсөнд хамгийн түгээмэл олддог 20 эрдсийн тоонд багтдаг ч нөөц нь 40-50 жилийн дараа шавхагдана гэж эдийн засагчид тооцоолсон нь бий.
Манай орон энэ түүхий эдийн олборлолт, экспортоор 1980-аад онд дэлхийд тэргүүлдэг байжээ. Тэр үед Монгол жилд нэг сая 200 мянган тонн флюоритыг Бор- Өндөр, Бэрхээс олборлон боловсруулж ЗХУ-руу экспортлодог байсан аж. Өдгөө манай улс жилд 400 мянган тонн хайлуур жонш олборлодог болжээ. Хэдий тийм ч БНХАУ, Мексикийн дараа дэлхийд гуравдугаарт бичигддэг юм.
Ер нь манай улс тус түүхий эдийн дэлхийн экспортын 31 хувийг хангадаг тухай статистикийн тооцоо ч байдаг. Манай оронд 16 сая тонн хайлуур жоншны нөөц илэрсэн бөгөөд энэ тоо цаашид 60 сая тоннд хүрэх боломжтой гэдэг.
Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээр нэг тонн хайлуур жонш 170- 200 ам.долларын үнэтэй байгаа ажээ.
2011 онд энэ ашигт малтмалын үнэ оргилдоо хүрэн тонн нь 525 ам.доллар хүрч байсан ч дэлхийн эдийн засгийн хямралаас үүдэн гангийн үйлдвэрлэл эрс багасахыг дагаад үнэ нь огцом унажээ.
Сүүлийн жилүүдэд тус түүхий эдийн дэлхийн хамгийн том хэрэглэгчээр манай урд хөрш БНХАУ тодорсон билээ. БНХАУ-д өнгөт болон хар төмөрлөгийн үйлдвэрлэл огцом өссөнтэй үүнийг холбон тайлбарладаг.
Ер нь хайлуур жоншны дэлхийн зах зээл дэх үнийг чухам БНХАУ тогтоодог болсон гэдэг. Энэ улс флюоритын олборлолтоор ч, импортоор ч толгой цохиж буй тул арга ч үгүй. Эдийн засагчдын таамаглаж буйгаар БНХАУ-д эдийн засгийн өсөлт саарах тусам хайлуур жоншны үнэ ч буурах төлөвтэй ажээ.
Ингээд, хайлуур жоншны олборлолтоор тэргүүлдэг дэлхийн 10 орныг дор жагсаалаа.
1. БНХАУ- 3 000 000 тонн
2. Мексик-940 000 тонн
3. Монгол-400 000 тонн
4. ӨАБНУ-250 000 тонн
5. ОХУ-210 000 тонн
6. Испани-145 000 тонн
7. Намиби-135 000 тонн
8. Кени-132 000 тонн
9. Марокко-115 000 тонн
10. Бразил-65 000 тонн
Нийт дэлхий-5 500 000 тонн
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин