Хохирол барагдуулах асуудлыг судлах ёстой гэжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.06-нд нийтлэгдсэн

Хохирол барагдуулах асуудлыг судлах ёстой гэжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр урт цагаар хуралдлаа. Бүлгээр хэд, хэдэн асуудал хэлэлцсэний дотор Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дахин хэлэлцсэн байна. Эл хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн ч хэлэлцэх эсэхийг нь шийдээгүй байгаа юм. Харин олонхийн бүлгийн гишүүд “Эл төслийг батлахаас урьтаж ажлын хэсэг гаргаж дампуурсан Хадгаламж зээлийн хоршоодыг сайтар шалгах ёстой гэж үзжээ. Учир нь дампуураагүй Хадгаламж зээлийн хоршоодыг хүчээр дампууруулсан, мөн хадгаламж зээлийн хоршоодын эд хөрөнгө, үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж авсныхаа дараа хууль, цагдаагийнхан нь үрэгдүүлж алга болсон зэрэг ноцтой үйлдлүүд гарсан байна. Гэтэл 20 гаруй Хадгаламж зээлийн хоршооны 8000 гаруй хохирогч хохирлоо бүрэн барагдуулж чадаагүй. Нийт хохирлын хэмжээ анх 72.4 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байсныг УИХ-аас хууль баталж хохирлын 50 хувийг барагдуулсан. Ингэхдээ улсын төсвөөс хөрөнгө гаргаж шийдэж байсан. Үлдсэн хохирлыг битүүмжилсэн эд хөрөнгийг зарж борлуулан барагдуулахаар хуульчилсан ч тэдгээр нь үндсэндээ тоногдож, зарим нэг нь алга болсон зэрэг ноцтой үйлдлүүд гарсан тул шинэчлэлийн Засгийн газраас дээрх Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуулийн төслийг санаачлан УИХ-д оруулж ирсэн ч олонхийн бүлэг асуудлыг нягтлан сайн судлах ёстой гэж үзсэн тул энэ чиглэлээр үргэлжлүүлж ажиллахаар болжээ.

Мөн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны банк хооронд байгуулах экспортын зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцээд олонхи гишүүд  “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэн байна. Ингэхдээ зээлийн хэлэлцээрийг дахин нягтлах ёстой, тэр дундаа Засгийн газрын хувьд Монгол Улсын гадаад өрөнд дарамт учруулахгүй байх талаас зохицуулалт хийх ёстой гэдэг үүрэг даалгавар өгөгджээ.

Түүнчлэн бүлгээр хэлэлцсэн дөрөв дэх асуудал нь Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм байна. Эл төслийг олонхийн бүлгийн гишүүд санаачлан өнгөрсөн оны наймдугаар сард УИХ-д өргөн мэдүүлж байжээ.

Мөн бүлгийн хуралд Ерөнхий сайд Булган, Орхон аймгуудад ажилласан томилолтынхоо талаар мэдээлэл хийснээр энэ удаагийн хуралдаан өндөрлөжээ. Дээрх мэдээллийг бид УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяагаас авлаа.

Г.ДАРЬ  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж