Одоогоос хоёр жилийн өмнө “MN25 суваг” телевизээс “Making the band” нэртэй шоу нэвтрүүлэг санаачилж, түүнийг “Up music” продакшн хамтран хэрэгжүүлсэн билээ. Энэ төсөл нь Монголын рок, поп урлагийн шинэ нүүр царайг бий болгон залуусын шүтээн болсон хамтлаг төрүүлэх явдал бөгөөд өөр өөрийн зан, төрх, мэдлэг боловсрол, дуулах хүсэл сонирхолтой 300 охиноос авьяас, ур чадвараараа шалгарсан нэгэн хамтлагийн өлгийдөн авсан нь хаврын анхны “яргуй” буюу “Anemone” хамтлаг байсан юм.
Өнөөдөр тэр яргуй хавартай уралдан дахин дэлгэрлээ. Учир нь “Anemone” хамтлагийн охид өнөөдөр “Хаан банк театр”-т улаан хивсний ёслолоор “Anemone” нэртэй анхны цомгийн баяраа хийн сонсогч, фенүүддээ албан ёсоор цомгоо танилцуулж, бяцхан тоглолтоороо бэлэг барилаа. Тэд хаврын анхны яргуй болон өнгө өнгөөр алаглан тайзыг чимсэн. Тэдний энэ удаагийн нүд гялбам хурц, шинэ өнгө төрхийг “United colors of Benetton”-ынхон бүрдүүлжээ.
Залуу насны хүсэл эрмэлзэл, хайр дурлал, эрч хүчийг багтаасан уг цомогт “Хаврын хайр”, “Чи яг дурлал шиг”, “Хэлээгүй”, “Always young” зэрэг найман дуу багтсан бөгөөд ес дэх нь “Төрсөн өдрийн мэнд хүргэе, ээж ээ” дууны дан хөгжим багтжээ.
Эдгээр дуунуудын аяыг Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, тус хамтлагийн продюсер Ц.Чулуунбат зохион, хөгжмийн продюсер Н.Халиун, Ц.Байдраг, дууны үгийг ZZ буюу Э.Золзаяа, Б.Батзаяа, П.Нарангэрэл, Ж.Мөнхбат нар зохиожээ.
Тэдний цомгийн баярын бяцхан тоглолтод “Making the band” шоунаас төрсөн “Extacy”, “Mixx” болон “Дижитал” хамтлаг, “Hot Spot” хамтлагийн дуучин Наагий, реппер Цэцэ, Женни нар ая дуугаа өргөсөн юм.
“Anemone” хамтлагийг сонсч, дэмждэг залуус уг баярт ирсэн бөгөөд тэдний анхны цомгийг 20 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авч, гишүүдийн гарын үсгийг нь зуруулж, хамтдаа гэрэл зургаа татуулж байлаа.
“Anemone” цомгийг өнөөдрөөс эхлэн “UBS CD Shop”, “Hi-Fi records” хөгжмийн сүлжээ дэлгүүрийн бүх салбар, хуур.mn сайтаар дамжуулан 15 мянган төгрөгөөр борлуулж эхэллээ. Хуур.mn сайт нь цаашид “Anemone” хамтлагийн анхны цомгийн дуунуудыг mp3 болон бүхэл цомгоор нь татаж авах, сайтаар дамжуулан хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэн ажиллах юм.