Монголд сурч буй халимаг оюутнуудтай уулзав

Хуучирсан мэдээ: 2013.05.06-нд нийтлэгдсэн

Монголд сурч буй халимаг оюутнуудтай уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд өнөөдөр Оросын Холбооны Улсын Халимагийн Бүгд Найрамдах улсаас Монгол Улсад суралцаж буй оюутан Шорваев Феликс Саналович, Жалсанова Байрта Савгровна, Чиджиев Болд Улюмджиевич болон Халимагийн Их Сургуулийн Монгол Улс дахь төлөөлөгч Тунтан Гариа Лида нарыг хүлээн авч уулзан санал бодлоо солилцов. 

Монгол Улсын Ерөнхийлөгч 2011 оны зун ОХУ-ын Халимагт айлчлахдаа Халимагийн Их сургуулийн шилдэг таван оюутныг Монголд Ерөнхийлөгчийн тэтгэлгээр сургахаар болсны нэг нь Феликс Шорваев юм. Тэрээр өнгөрсөн оны есдүгээр сард МУИС-д ирж Монгол хэл, соёл, зан заншил судлаад удахгүй буцах гэж байгаагаа хэллээ. Анх ирэхдээ монгол хэлээр ойлгодоггүй байсан ч зүрх сэтгэлийн гүнд байсан зөн сэргэж ахархан хугацаанд монголоор ярьж сурсан гэдгээ хэлэв. Энэ завсар аймгуудаар явж Монголын ёс заншил, уламжлалтай танилцсан нь сэтгэлд их ойр байсан гэдгийг дурдлаа.

Халимагийн Их сургуулийн оюутан Байрта Жалсанова МУБИС-д мэргэжил дээшлүүлэхээр саяхан иржээ. Болд Чиджиев Бауманы нэрэмжит их сургууль төгсөөд Дипломатын академид суралцсан. Мөн л саяхан хувийнхаа зардлаар Монголд докторантурт суралцахаар Москваас ирсэн байна.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд халимаг оюутнуудтай дэлхийн энгээр суурьшсан монгол түмний үр сад, тэдний өнөөгийн хэл, соёл, сэтгэлгээ, аж амьдралын талаар ярилцаж, Монгол Улсад сурч мэдсэн зүйл, хүсэл сонирхлынх нь тухай асууж, Монголын төрөөс элэг нэгт ахан дүүсээ өвөг дээдсийн өлгий нутагтаа ирж суралцах, ажиллаж амьдрах бололцоог хангах чиглэлд баримталж буй төрийн бодлогын талаар танилцууллаа.

Халимагийн Бүгд Найрамдах улсаас Монгол Улсад ирж суралцахад дөхөмтэй, амьжиргааны өртөг зардлын хувьд харьцангуй боломжтой байгаа тул амьдрах сонирхолтой маш олон хүн бий тухай уулзалтад оролцогчид хэлж байлаа. Халимагт 1960-1990 оны хооронд монгол хэл, бичгийн хичээл огт заагаагүй бөгөөд 1990 оноос долоо хоногийн таван өдөрт нь монгол хэл, бичгийн хичээл орж байгаа аж. Гэвч энэ нь Халимагийн залуу хойч үеийнхэнд хангалттай гэж үзэхгүй байгаа тул эх Монгол нутагтаа ирж монгол хэл, соёл, зан заншилд суралцаж жинхэнэ монгол хүн болж хүмүүжүүлэхийг ч эцэг эхчүүд нь хүсдэг болжээ.

Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд хоёр улсын төрийн зүгээс Монгол Улсад суралцах, амьдрах хүсэлтэй монгол угсаатан иргэдийг бүх талаар дэмжиж ажиллахын сацуу, иргэд төрийн бус байгууллага байгуулан соёлын гүүр хэлбэрээр ажиллах талаар санаачилга гаргахыг зөвлөлөө.

                Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж