“Чалкогийн гэрээ харилцан ашигтай үргэлжилнэ гэдэгт итгэдэг”

Хуучирсан мэдээ: 2013.05.06-нд нийтлэгдсэн

“Чалкогийн гэрээ харилцан ашигтай үргэлжилнэ гэдэгт итгэдэг”

БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ван Шяо Лун өнөөдөр сэтгүүлчдэд төрийн өндөр дээд төвшний айлчлалын талаар мэдээлэл хийлээ. Мөн үеэр бид ноён Элчин сайдаас тус улсын уул уурхайн салбарын бодлого болоод “Чалко”-гийн гэрээний талаар товч хариулт авлаа.

-БНХАУ бол уул уурхайн бүтээгдэхүүний хэрэглэгч болоод эрдэс баялгийг бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэгч орон юм. Манай улсын зөвхөн нүүрсний хэрэглээ гэхэд жилд гурван тэрбум 500 мянган тоннд хүрдэг. Нийт хэрэгцээт нүүрсний 250 сая тонныг гадаадаас авдаг. Манай хоёр улсын хувьд уул уурхайн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа явуулах боломжтой. Монгол Улс, БНХАУ-ын хооронд стратегийн түншлэлийн харилцааг 2011 онд тогтоосон. Түүнээс хойш бидний харилцаа бүх салбарт амжилттай хөгжиж ирлээ. Худалдаа эдийн засгийн харилцаанд шинэ шинэ урсгал бий болж байна.

-БНХАУ нүүрсний хэрэглээнийхээ багагүй хувийг Австрали улсаас хангадаг. Австрали нүүрсний давуу тал юу вэ?

-БНХАУ-ын нүүрсний зах зээл өргөжин тэлж буй бөгөөд тэрхүү зах зээлд Австралийн нүүрс байр сууриа олсон гэж хэлж болно. Манай улс тус улсаас коксжих нүүрс, эрчим хүчний нүүрсний аль алийг импортолдог. Австрали нь нүүрсний нийлүүлэлтдээ манайхаас тавьдаг шалгуурыг бүрэн давж чадсан гэж хэлж болно.

-Ямар ямар шалгуур тавьдаг вэ?

-Австралийн нүүрсний үнэ хямд, өрсөлдөх чадвар өндөр байна. Мөн нийлүүлэх нүүрсний хэмжээ хангалттай их байгаа. Энэ бүхнийг манай  шалгуур гэж ойлгож болно. Үнэ хямд байгаа нь далайн тээврийн үнэ хөлс бага байдагтай холбоотой. Түүнээс манай Засгийн газраас аль нэг орныг онцлон нүүрсээ авдаггүй. Гагцхүү зах зээлийн шалгуур, шаардлагад нийцэж буй эсэхийг хардаг.

-Монгол Улсын “Эрдэнэс тавантолгой” ХК болон БНХАУ-ын төрийн өмчит “Чалко” компанитай хийсэн гэрээний талаар та юу хэлэх вэ?

-“Чалко” компани нь Монголын “Эрдэнэс тавантолгой” ХК-тай гэрээ хэлэлцээр хийсэн. Энэхүү гэрээ нь одоогоор зогсонги байдалтай байгаа ч цаашид харилцан ашигтай байдлаар тохиролцоонд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Би хувьдаа хоёр компанийг үйл ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлж, урт хугацаан хамтын ажиллагаа тогтоохыг хүлээж байгаа. Хэдийгээр хамтын ажиллагаанд саад гарсан ч харилцан итгэлцсэн, алс холын хараатай шийдвэрт хүрнэ гэж найдаж байна гэлээ.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж