Ноён Ян Жейчи Шадар сайдтай хэлэлцээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.05.06-нд нийтлэгдсэн

Ноён Ян Жейчи Шадар сайдтай хэлэлцээ хийнэ

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жейчи манай улсад айлчлал хийх гэж байгаатай холбогдуулан тус улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Ван Шяо Лун мэдээлэл хийлээ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жейчиний энэ удаагийн айлчлал нь хоёр талын өндөр төвшний айлчлалын үргэлжлэл гэж мэдэгдлээ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жейчи нь тус улсын өмнөх Засгийн газрын үед Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан бол шинээр бүрэлдсэн Засгийн газрын Шадар сайдын зарлигаар гадаад харилцааны асуудлыг хариуцан ажилладаг юм байна. Айлчлал тавдугаар сарын 8-ны өдөр эхэлж, хоёр өдөр үргэлжилнэ. Ноён Ян Жейчи айлчлалынхаа явцад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт бараалхаж, Засгийн газрын гишүүн Шадар сайд Д.Тэрбишдагватай хэлэлцээ хийж, Гадаад харилцааны сайд Л.Болдтой уулзах юм байна. Яриа хэлэлцээр, уулзалт айлчлал нь бүхэлдээ хоёр орны хамтын ажиллагааг харилцан ашигтай, найрсаг байдлаар хөгжүүлэхэд чиглэсэн байх ажээ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жейчи нь тус улсын шинэ Засгийн газрыг төлөөлөн айлчилж буй анхны зочин гэдгийг Элчин сайд онцолж байлаа. Монгол Улсын Засгийн газар ч шинэчлэлийн гэх тодотголтой бөгөөд хоёр улсын Засгийн газрын хүчин чармайлтаар хоёр улсын харилцаа бүхэлдээ харилцан итгэлцэлд түшиглэсэн старатегийн түншлэлийг өргөжүүлсэн, сайн хөршийн харилцаа байна  гэдэгт итгэлтэй байгаагаа ноён Элчин сайд Ван Шяо Лун онцоллоо.

Д.ЦЭЭПИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж