Монголын кино урлагт сүүлийн үед олон ангит бүтээлүүд шил даран мэндэлж, үзэгчдийн хүртээл болж байгаа билээ. Тэгвэл энэ удаад “N Entertainment”-ийнхан “Усны гудамж” нэртэй телевизийн олон ангит уран сайхны киног дэлгэцнээ шилжүүлэхэд бэлэн болжээ. Тэд Германы олон ангит киноноос сэдэвлэсэн уг бүтээлийнхээ эхний таван ангийн зураг авалтыг дуусгасан байна. Уг киноны зохиолыг кино зохиолч Д.Төрмөнх бичин “Сэмүүн” студийн захирал Б.Баяр найруулан, ерөнхий найруулагчаар Н.Элдэв-Очир ажиллажээ. “Усны гудамж” олон ангит бүтээлд таван айлын амьдралыг харуулсан бөгөөд Монгол орны улс төрийн амьдрал, түүхэн хүмүүсийн намтрыг ихээхэн судалж, монгол ахуйгаа түлхүү харуулахын зэрэгцээ өнөөгийн нийгэмд болж буй бүхий л үйл явдлыг тусгасан байна. Энэхүү уран сайхны киноны нэг гэр бүлд Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар тоглож байгаа бол эхнэрт нь Дарханы жүжигчин бүсгүй, харин хүүд СУИС-ийн хоёрдугаар курсийн оюутан, жүжигчин Д.Бямбацогтын хүү тогложээ.
"25 дугаар суваг телевиз", "SBN", "MovieBox" телевизээр цацагдан үзэгчдийн хүртээл болох энэ киног эхний ээлжинд 30 ангийг нь дэлгэцэнд гаргахаар төлөвлөсөн байгаа ч цаашид Европын сериалууд шиг үргэлжлүүлэх зорилттой байгаагаа кино багийнхан дуулгасан юм. Дашрамд дурдахад “хязгааргүй” үргэлжлэх энэхүү кинонд дүр бүтээх сонирхолтой залуучууд байвал боломж нээлттэй гэдгийг киноны зохиолч Д.Төрмөнх хэлсэн юм.
Г.ДАША