Нийгмийн харилцаа, үзэл бодлын нэг суваг болох цахим ертөнцөд өнөөдөр зонхилж буй сэтгэгдлүүдийн дийлэнх нь “Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг” гэсэн Үндсэн хуулийн заалт байгааг анзаарч болно. Энэ үгийг МАН-ын нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд илүүтэй хамаатуулж байгааг ч анзаарах ёстой юм. Түүний талаарх сөрөг сэтгэгдлүүдийг алгасаад эерэг сэтгэгдлүүдийг түүвэрлэж үзэхэд хамгийн олон давтагдаж буй нь “бэлгэ тэмдэг” гэх дээрх ойлголтоос хол хэтрэхгүй байх аж. Улс төр дэх намтар нимгэн, төрийн албанд түүх байхгүй түүний талаар “бэлгэдэл” гэдгээс өөр тодорхойлолт олж хэлэх мэдээж тун хэцүү.
Үнэндээ Үндсэн хууль дахь “Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг” гэсэн заалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийг бүх ард түмний санал асуулгаар сонгоно гэдэг утга агуулгыг хуульчилсан хэрэг юм. Энэ утгаараа П.Очирбатаас эхлээд Ц.Элбэгдорж хүртэлх үе үеийн Ерөнхийлөгч нар Монгол Улс засаг захиргаа, үндэстний хувьд нэгдмэл болохыг илэрхийлж, бүх ард түмний мандатаар сонгогдож ирсэн байдаг. Харин энэ удаад дээрх заалтыг хууль зүйн ухагдахуун гэдгээс илүүтэй “Авдарны нүүрэн дээрх арслан” гэдэг шиг хэтэрхий тотем, бэлгэдлийн утгаар ишлэж байгаа нь анзаарагдаж байна. Чингис хааны нутгаас дараагийн Ерөнхийлөгч төрөхөд яагаад болохгүй гэж? Бие хаа тэгш, монгол хүний төрхтэй гэх мэтээр бэлгэдэл, сүсэг бишрэлийн ойлголтууд сэтгэгдлээр цааш хөвөрч байна.
Үндэсний бөхийн дэвжээнээс зодог тайлж, улс төрд орж ирсэн Б.Бат-Эрдэнийн өнөөдрийг хүртэлх карьерт дээрх “тотем” нөлөөлж ирсэн нь нууц биш юм. УИХ-ын сонгуулийн үеэр түүний өрсөлдөгчид нь эдийн засаг, хөгжлийн асуудлаар өдий төдий лекц уншиж явахад аварга айл, айлын гадаа “боодог” хийлгэж идсээр яваад саналын илүүгээр гараад ирсэн гэдэг яриа бий. Яагаад гэдгийг ойлгох огтхон ч төвөггүй, нөгөө л “бэлгэдэл” дээдлэх мухар гэмээр сүсэг үүнд нөлөөлсөн хэрэг. МАН-аас иргэдийн дунд явуулсан “хэнийг нэр дэвшүүлэх вэ” гэдэг санал асуулгаар Б.Бат-Эрдэнэ хөдөө, аймгуудаас хамгийн өндөр санал авсан бол мэдээлэлд ойр хэсэг болох нийслэлчүүд арай өөр бодолтой байсан нь нэгийг хэлэх байх.
Монгол Улс парламентын засаглалтай. Энэ утгаар бол Ерөнхийлөгчид бэлгэдлээс өөр эрхэм зорилго, эрх мэдэл байхгүй гэж ойлгож байсан монголчуудын итгэл үнэмшил өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч “юу ч хийхгүй байж болдог” гэсэн ойлголтыг зориглобол “юу ч хийж болдог” гэсэн үнэлэмжээр өөрчлөгдсөн. Авлигын эсрэг тэмцэл, шүүхийн шинэтгэл, иргэдийн оролцоотой эрх мэдэл зэрэг олон асуудалд Ерөнхийлөгчийн санаачилгаар их давалгаа өрнөж, өнөөгийн нийгэмд нүүрлэсэн гажуудлыг уг углуургаар нь хөдөлгөсөн. Энэ бол нийгэмд үгүйлэгдэж байсан шинэчлэлүүд бөгөөд хаанаас хэн эхлүүлэх бол гэсэн олны хүлээлтэд төрийн тэргүүний суудлаас өгсөн хариулт юм.
Өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд Монголын нийгэмд олон өөрчлөлт, шинэчлэл өрнөсөн. Гэхдээ харьцангуй субъектив салбарууд болох хууль, шүүх, төрийн алба, боловсрол, эрүүл мэндийн салбарт шинэчлэл хэтэрхий удааширч ирсэн. Өнөөдөр эдгээр салбарт эхлэл төдий байгаа шинэчлэлийг цаашид гүйцээх “үзэл санааны тээгч” бидэнд хэрэгтэй. Ийм нийтлэг эрх ашиг дээр нэгдэж чадах эсэхийг л эв нэгдлийн бэлгэдэл гэж ойлгох ёстой байх.
Б.Бат-Эрдэнэ гэж хэн болох талаар түүний үзэл санаа, итгэл үнэмшлийг нь тойруулж үнэлэлт, дүгнэлт өгөх “барьц” үнэндээ хэнд ч олдохгүй учраас нэр дэвшүүлсэн МАН-ын талаарх хэлэлцүүлэг цаашид түлхүү өрнөх бололтой. “Ерэн жилийнхээ түүхэнд ийм арга ядсан сонголтыг энэ нам хийж байгаагүй”, “МАН энэ янзаараа мөхөх нь ээ”, “МАН лидергүй болтлоо оройтжээ”, “МАН сонгуулийг наадам гэж ойлгодог юм биш биз, тэгвэл ч бүрэн дампуурч байгаа юм байна”, “МАН-г ойлгохгүй байна”, “Б.Бат-Эрдэнээс Н.Энхболд нь хуруу илүү байсан юм даа”, “Хүчтэй гэж ноён болдоггүй. Хүсэлтэй гэж баян болдоггүй” гэх зэргээр МАН-ын шийдвэрийг харж байна.
Улс төр бол спортын нэг адил өрсөлдөөн. Онцлог нь спортод ялалтын дараа алдар нэр ирдэг бол улстөрд жинхэнэ их сорилт эхэлдэг. Улстөрчийн үзэл санаа, итгэл үнэмшил, эр зориг, туулах чадвар гээд бүх зүйл ил тодоор хэмжигдэж эхэлдэг. Хүний бие бялдраас гадна оюун ухаан өөрөө уралдаж байдаг шидтэй. Цаашид өрсөлдөөн хэрхэн өрнөхийг харах л үлдлээ.