БНАСАУ-ын Армийн шигшээтэй нөхөрсөг тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.05.06-нд нийтлэгдсэн

БНАСАУ-ын Армийн шигшээтэй нөхөрсөг тоглолт хийнэ

Монгол сагсан бөмбөгийн үндэсний шигшээ болон оюутны шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийхээр БНАСАУ-ын Армийн шигшээ багийн тамирчид Монголд ирээд байна. Монголын шигшээ багийн тамирчдын хувьд БНСУ-ын Инчеон хотноо тавдугаар сарын 16-21-нд болох Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох бол оюутны шигшээ баг ирэх долдугаар сард болох дэлхийн “Универсиад” их наадамд оролцох юм. Эдгээр тэмцээнд бэлтгэх, бэлтгэлийг эрчимжүүлэх зорилгоор МСБХ-ны урилгын дагуу Хойд Солонгосын Армийн клубын нэгдүгээр багийнхан өчигдөр Монголд иржээ. Тэд Монголын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж, хэд хэдэн нөхөрсөг тоглолт хийх аж. Тиймээс шигшээ багийн тамирчдын хувьд хэт ачаалал үүсэх, заал танхимын хүрэлцээ зэрэг шалтгаанаар Үндэсний супер лигийн тэмцээнийг тавдугаар сарын 22-ныг хүртэл түр завсарлуулсан байна.

Монголд ирээд буй Хойд Солонгосын багийн тухайд “4.25” буюу улсынхаа удирдагчийн төрсөн сар, өдрөөр нэрлэсэн бөгөөд бүтэн цэрэгжилтийн байдалд бэлтгэл хийдэг гэнэ. Тус багийн цөөнгүй тамирчин нь улсынхаа шигшээд багтдаг ажээ. Монголд 15 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн бөгөөд өдгөө МҮОХ-ны дэргэдэх Спортын анагаах ухааны төвд байрлаж буй юм байна. Тэд өнөөдөр орой Спортын төв ордонд Монголын шигшээ багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийх ажээ. Улмаар лхагва гаригт Спортын төв ордонд залуучуудын шигшээ багтай, баасан гаригт үндэсний шигшээ багийн тамирчидтай нөхөрсөг тоглолт хийх юм байна.

Дашрамд сануулахад, Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын баг тамирчид энэ сарын 14-нд БНСУ-ыг зорих юм. Тэд хэсэгтээ БНХАУ болон Хонгконгийн багтай учраа таараад буй билээ.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж