Биржид дөрвөн төрлийн ноолуур арилжжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.06-нд нийтлэгдсэн

Биржид дөрвөн төрлийн ноолуур арилжжээ

Хөдөө аж ахуйн бирж анхны туршилтын арилжаагаа дөрөвдүгээр сарын 5-нд хийж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд нийт 18 удаагийн арилжаа хийгээд байна. Ингэхдээ нийт 123.57 тэрбум төгрөгийн 1920.35 тонн цагаан, цайвар, бараан, ангилаагүй гэсэн дөрвөн төрлийн ноолуур арилжжээ.

Ноолуурын үнийн тухайд дөрөвдүгээр сарын жигнэсэн дундаж үнээр тооцвол,

-Бараан, цайвар ноолуурыг 64 гаруй мянган төгрөг,

-Цагаан ноолуур 67 гаруй мянган төгрөг,

-Ангилаагүй ноолуур 56 гаруй мянган төгрөгийн үнэтэй байлаа.

Биржээр нэрлэгдсэн уг үнийг жилийн өмнөхтэй харьцуулахад 45 хувиар нэмэгдсэн байна. Тодруулбал, Үндэсний статистикийн хорооны судалгаанаас харьцуулахад, жилийн өмнө ямааны цагаан болон бор ноолуурын дундаж үнэ 44 гаруй мянган төгрөг байжээ.

Ийнхүү хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж байгуулагдснаар малчдад бараа, түүхий эдийн үнэ, зах зээлийн талаарх ил тод, бодитой мэдээллийг шуурхай, тасралтгүй авах боломжтой болж буй. Салбартаа онцлог энэхүү арилжаа цаашдаа амжилттай үргэлжилвэл малчид, түүхий эд боловсруулагчид  хөдөлмөрийнхөө үр шимийг бодит үнэлүүлэх бөгөөд түүхий эдээ хэрхэн борлуулах тухай бодох шаардлагагүй болж, өрхийн орлого тогтворжих юм. Биржээр арилжаалах дараагийн түүхий эд нь ноос, арьс шир байх тухай албаныхан мэдээллээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж