
Татвар төлөгчдийн өмнөөс ингэж хэлж байгаа нь цорын ганц л шалтгаантай байж болох. Тэдний амьдралыг татварын мөнгөөр тэтгэж байгаа бол бидэнд баярлахаас өөр аргагүй. Хэрвээ татвар төлөгч байхгүй бол төр байхгүй. Төр байхгүй бол тэд ч бас байхгүй. Нөгөөтэйгүүр татварын мөнгийг өөртөө наачихдаг болохоор арга ч үгүй. Хэрвээ үүнийг англиар бичээд Чингис хаан нисэх буудал дээр тавьчихвал “шог зан нь харьцангуй хөгжчихсөн хүмүүс юм байна” гээд рейтинг өсчихөж ч болох талтай.
Бидний татварын мөнгөөр оюутнуудад “цалин” өгч, дээр байх 76, тэр ч бүү хэл төрийн тэргүүнээс авахуулаад төрийн албан хаагчид цалингаа авч байгаа. Засгийн газрын бүх үйл ажиллагаа татвараар хураасан мөнгөн дээр л тогтож байгаа. Харин бидэнд ашигтай зүйл юу хийсэн бэ? гэж асуувал хариулт нь тун базаахгүй л болов уу. Төрийн албан тушаалтнууд нь албан тушаалаа урвуулан ашиглаж, эсвэл төвлөрүүлсэн мөнгөө гадны дансанд байршуулдаг “имиж” дэлгэрэв. Татвар төлөгчдийг дэмжих биш, улам л мөхөөх, татвар төлөх чадвартай иргэдийг үгүй хийх рүү төрийн бодлого чиглээд байгаа нь маргашгүй үнэн. Үүнийг элдэв төрлийн халамжаас олоод харчихаж болох талтай. Өндөр хөгжилтэй орнууд томоохон компаниудаас илүү хэмжээний татвар авч, харин жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдээс дундаж хэмжээний, харин байгууллагын ажилчдаас бага хэмжээний татвар авдаг учиртай. Тэгж байж балансад ордог аж. Татвар хураахаасаа гадна татварын хөнгөлөлтүүдийг гаргаж, уян хатан бодлого боловруулдаг. Үүнийхээ үр дүнд хөгжлийнхөө хурдыг түргэсгэдэг аж.
Биднийг үнэхээр баярлуулахыг хүсээд байвал татварын мөнгөн дээр нэмж, элдэв хуулийн нэр барьж, хахууль битгий ав л даа. Жижиг, дунд үйлдвэр эрхэлж байгаа хүмүүсийг татвар гэх том ачаагаар битгий дар л даа. Улсад байнгын татвар төлж, тодорхой хэмжээний ажил төрөл, бизнес эрхэлж байгаа хүмүүст татварын хөнгөлөлт үзүүл л дээ. Тэгээд л болоо. Өөр юу ч биш. Баярлаж, талархах үг битгий хэл хөшөө бариад ч хэрэггүй.