
-Хуучин цагт бол МСҮТ-д тэр дундаа барилгын чиглэлийн сургууль руу сурлага, сахилга муутай хүүхдүүдийг “чихдэг” жаяг байсан. Одоо энэ хандлага арилсан уу?
-Тийм ээ. Сурлага хүмүүжил сайтай хүүхэдтэй ажиллах, тэднээс гадуурхагдан ирсэн хүүхдүүдийг сургах хоёрт маш их ялгаа бий. Манай МСҮТ одоо ЕБС-ийн 9,11 дүгээр анги төгсөгчид болон насанд хүрэгчдийн гэсэн анги бүлэгтэй болсон. Хуучин бол ЕБС-д гологдсон хүүхдүүд л манайд ордог байлаа. Энэ хандлага нэг үеийг бодвол өөр болсон.Их дээд сургууль төгссөн хүн ч манайд сурч байгаа. Барилгын инженер зкалуу гагнуурын чиглэлээр сурч байна. Гэхдээ л МСҮТ-ийн багш нар ачаалалтай ажиллаж байна. Хүүхдийн хүмүүжлийн талаарх багш нарын хичээл зүтгэл суларснаас ЕБС төгсөгчид хичээл сонсож, сууж сураагүй байхаас гадна багшийн шаардлагыг хүлээж авахдаа муу байна.
-Насанд хүрэгчид суралцдаг гэлээ. Тэд Оюутолгойн гэрээгээр сурч байгаа юу?
-Оюутолгойн гэрээ гэснээс энд нэг зүйлийг онцлон хэлмээр байна. Эхэн үедээ Оюутолгойн хөрөнгө зарсан сургалтыг ажилгүй иргэдийг саатуулах газар мэт ойлгодог балйаа. Харин дараа нь Оюутолгойн санхүүжилтээр сурч буй хүн бүрийг Оюутолгойд ажилд орно гэж ойлгодог. Гэтэл суралцсан бүхэн тэнд ажиллахгүй юм гэдгийг ойлгуулмаар санагддаг. Одоогийн байдлаар тус гэрээний дагуу 32 хүн сурч байгаа. Шинэчлэлийн Засгийн газар гарснаас хойш байгууллага аж ахуйн нэгжийн захиалгаар зургаан мэргэжлээр 107 насанд хүрсэн залуусыг сургаж ажлын байртай болгосон. Тэгэхээр хойшдоо энэ маягаар байгууллагын захиалгын дагуу мэргэжилтэн бэлтгэх нь зүйтэй санагдсан. Зах зээлээ судалж байж мэргэжилтэн бэлтгэхгүй бол эрэлт нийлүүлэлтийн зөрүү гараад байгаа хэрэг.
-Танайх гагнуурчин бэлтгэдэг гэлээ. Өөр ямар мэргэжлээр сургалт явуулж байгаа вэ?
-Барилгын засал чимэглэл /энэ нь дотроо өрөг, угсралт гэсэн хоёр чиглэлтэй/, хийн ба цахилгаан гагнуурчин, бетон арматурчин, автомашины засварчин, хоол үйлдвэрлэгч, нарийн боовчин, зөөгч бармен, саниехникч гэсэн мэргэжлээр сургаж байгаа.
-Тэр бүр түгээмэл биш мэргэжлээр бас сургадаг л юм байна. Хүүхдүүдийн сурах эрмэлзлэл хэр байна вэ?
-Хүүхдүүдийн сурах эрмэлзлэл урьд өмнөхөөс буурсан. Энэ нь суурь хүмүүжил муу байгаатай холбоотой. Хүүхдийг сайн хүн болоосой гэж бодсон багш нар хатуухан үг хэлдэг байсан. Гэтэл одоо чинь хүүхдийн эрх илүү ярих болсноос багш нар хүүхдийн хүмүүжлийг орхигдуулсан нь илт мэдрэгдэж байна.
-МСҮТ-ийн багш нарын нийгмийн асуудал орхигддог гэсэн шүүмжлэл их байдаг?
-Мэргэжлийн боловсролын хууль шинэчлэгдэж, МСҮТ-ийн багш нарын цалин бага боловч өссөн. Гэхдээ МСҮТ-ийн багш нар тэтгэвэрт гарлаа гэхэд тэтгэмж авах боломжгүй хэвээр байгаа. Мөн нийгмийн ажилтан, менежер болон захирлуудын цалин огт нэмэгдээгүй гэхчилэн асуудал бас бий.
-МСҮТ-ийн сургалтыг сайжруулах, нэр хүнийг нь өсгөхөд юу чухал вэ?
-МСҮТ-д хамгийн ихээр дутагддаг зүйл бол орчин үеийн техник, тоног төхөөрөмж юм. Гагнуурчин бэлдлээ гэхэд ажиллах орчин алга. Сургалт явуулдаг суурь машинууд хоцрогдсон. Багшлах боловсон хүчний хувьд ч чадварлаг хүмүүс нь цалин өндөртэй газар бараадах болсон. Ингэхээс ч аргагүй. МСҮТ-ийн багш хийснээс хувийн компанид ажиллах нь цалин өндөр, нийгмийн хангамж илүү байна шүү дээ. МСҮТ-ийг боловсролын яаманд бус Хөдөлмөрийн яаманд харъяалдаг болгосон гэхчилэн тодорхойгүй асуудал их байна.