Н.Наранбаатараас хөврөх үнэн хайр, цаг хугацаа

Хуучирсан мэдээ: 2013.05.06-нд нийтлэгдсэн

Н.Наранбаатараас хөврөх үнэн хайр, цаг хугацаа

Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар энэ сарын 12-нд 17.00 цагт “UB Palace”-ын их танхимд ганцхан удаа “Надаас хөврөх үнэн хайр, цаг хугацаа” тоглолтоо хийх гэж байгаа билээ. Тэрээр 2000 онд драмын урлаг бараг үзэгчгүй эзгүйрээд байхад 24-хөн насандаа анх “Бооцоо” жүжгийг найруулан шинэ менежмент бий болгож, босго өндөртэй УДЭТ-т хүч түрэн орж ирсэн гэдэг. Түүний жүжиг үнэхээр сайн байсан учраас тухайн үед 1000 төгрөг байсан жүжгийн тасалбарыг 10 мянга болгож чадсан аж. Учир нь тэрээр бүтээлдээ чанарыг онцгойлон Ардын жүжигчин Н.Сувд, Ц.Төмөрбаатар, Ц.Төмөрхуяг гээд тухайн үедээ л ойрд тайз дэлгэцээр гараагүй уран бүтээлчдээр, мөн үзэгчдийн хүсээд байсан эрэлт хэрэгцээнд тулгуурлан залуу жүжигчдээс Г.Амгаланбаатар, Д.Ганцэцэг нарыг аваад жүжгээ хийсэн нь амжилт дагуулсан. Мөн тэрээр анх удаа жүжиг дуутай, тэр нь өөрөө клиптэй байвал үзэгчдийн сонирхлыг татна хэмээн драмын урлагт шинэ менежментийг хэрэгжүүлсэн нэгэн гээд олон зүйлийн анхдагч юм.

“Бооцоо”-гоор эхэлсэн түүний уран бүтээлийн гараа Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын алдарт “Надаар тоглосон хайр” жүжгээр үргэлжлэн “Нууц амраг чинь болъё”, “Парисын дарь эхийн сүм”, “Би  ч гэсэн жаргамаар байна”, “Цэцэрлэгт учирсан хоёр”, “Тэнгэрийн хүү”, “Гамлет” зэрэг түүний найруулсан олон шилдэг жүжгүүдийг нэрлэж болно. Мөн “Үл таних эмэгтэй” дэлгэцийн бүтээл нь үзэгчдийг байлдан дагуулсан юм. Түүний тайлан тоглолтод УДЭТ-ын уран бүтээлчид үрэн бүрэлдэхүүнээрээ Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам, “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, поп дива Т.Ариунаа, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог, С.Жавхлан, У.Уранчимэг, “Хар сарнай”-н С.Амармандах, хошин урлагийн “Шинэ үе” продакшн, “Мөрөөдлийн театр”, “Дармын дөрвөл”, ”Увертюра”, “Freezone” хамтлаг дуучин С.Сэрчмаа, Л.Ган-Эрдэнэ, Ц.Хулан, Маралжингоо, Г.Эрдэнэтунгалаг, Д.Намсрайноров, BX, Ч.Цэлмүүн, элэглэгч Чапи, Суурь гээд урлагийнхан нэг дор чуулах нь ээ.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж