Фермерээс бусад салбарт 165 мянган ажлын байр шинээр бий болсон нь эдийн засагчдын 145 мянга хүрнэ гэж таамаглаж байснаас давсан байна.
Үүний дүнд АНУ-ын ажилгүйдлийн түвшин сүүлийн дөрвөн жилд хамгийн бага үзүүлэлттэй буюу 7.5 хувь болж буурчээ. Ажлын байр ийнхүү огцом нэмэгдсэнээс хөрөнгийн зах зээлд эерэгээр нөлөөлсөн аж.
Тухайлбал өнгөрсөн долоо хоногт Dow Jones индекс түүхэндээ анх удаа 15 мянга давсан бөгөөд хаалтын ханш нь 0.96 хувиар өсч, 14973,96-д, S&P 500 индекс 1.05 хувиар өсч, 1614.42-т хүрсэн үзүүлэлттэй байв.
Ажилгүйдлийн түвшин буурсан нь ажлын байраа орхисон хүмүүсийн тоо гэхээс илүүгээр ажил эрхлэлтийн өсөлтийг тусгасан байгаа юм. Өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-д ажлын байр 332 мянгаар нэмэгдсэн нь 2010 оноос хойш байгаагүй өндөр үзүүлэлт байсан бөгөөд гуравдугаар сард 138 мянгаар нэмэгджээ.
Ерөнхийлөгч Барак Обамагийн Засгийн газраас гаргасан дээрх тоо баримтад тулгуурлан Эдийн засгийн зөвлөхүүдийн зөвлөлийн дарга Айлэн Кругер “Бид 2007 оноос эхэлсэн санхүүгийн хямралын уршгаар бий болсон том ангалаас гарахаар зүтгэж байгаа учраас ажлын байр нэмэгдүүлж, дунд давхаргыг улам өргөжүүлэх бодлогоо цаашид баримтлахад анхаарах нь чухал” гэж хэлжээ.
“Дээрх тоо гайхмаар нааштай байгаа нь хөдөлмөрийн зах зээл болоод эдийн засаг ерөнхийдөө хөрөнгө оруулагчдын эмээж байснаас илүү уян хатан болохыг харуулж байна” гэж “Western Union Business Solutions” судалгааны байгууллагын зах зээлийн шинжээч Жои Манимбо хэлсэн байна.