Хуучирсан мэдээ: 2013.05.06-нд нийтлэгдсэн

Цэнхэрийн голын ус

Нар уугисан гал үд ажээ. Хөххүү морины хурдаар ирж Зулынд буулаа. Цулбуураа гэрийн бүсээс хааш яйшхан хавчуулахдаа духаараа гэр мөргөн,ухарч буцан дайваж хэсэг саатав. Мөн чигээр  зүүн гараараа гэр түшин урагш хоёр, хойш нэг алхан, элэг рүү нь ёворсон юм шиг соёгосхийтэл зогисуулж, бас эвгүй огин зогсосхийснээ, урагш хүчтэй өхийн хөлөөорооцолдуулан таваргаж хаалга хүрээд, алдлан татаж цэлийтэл нээгээд гэр лүү орлоо. Урд өдөр  хүүгийнхээ хуримыг хийж, үдэшдээ үлэмжхэн балгасан гэмгүй номхон Зул гэрийнхээ зүүн хоймроос “Хэн ирэв” хэмээн нозоо нойрмог өндийж, багана шилбэдэн зогсоо Хөххүүг сая таниад босч суулаа. Хөххүү айлын баруунаас зүүн хүртэл гэр тойруулан харж,хүзүүндээ шигдсэн малгайн сагалдаргийг суллангаа,

-Би, би.., өөр хэн байх вэ, би л байна даа гэнгээ мөрөн дээрээс нь дарсан юм шиг налчгасхийтэл суув. Тэгээд өврөө тэмтчин хөөрөг гарган гэрийн эзэнтэй тамхиллаа.

-Энэ ч гэртээ хоноогүй хүн ээ дээ, янз нь.  Хөххүү өө.., цай уу гэж Зулын эхнэрийг зэлгээн цай аягалаад хандуулбал, цаадах нь хөлчүү нүд сүүмэгнүүлэн “Намайг гэртээ хоноогүйг мэдчихдэг ямар гэгч шидтэй авгай вэ” хэмээн жуумалзан эрээгүй ширтэн гөлийхөд бүсгүй  харц буруулан,

-Май аа, цай.., май гэм дээ гэж ундууцуут сая нэг юм дохилзсон гар сунган цайг  авч цалгилуулан оочлов. Тэгснээ,

-Зул, чи ч буянтай хүн юм даа. Энэ хэдэн бөөрөгт чам шиг, эхний хүүгээ гэрлүүлчихээд, эхнэрийнхээ энгэрт хэнзийг нь тэврүүлчихсэн чийртэй эр байна уу! гэж замагтай үг шидэв.

-Буянсаад сүйд болох юу байхав дээ, хө. Аав ээжийн минь буян, хоёр борын маань буян гэж Зул хэлж дуусалгүй хий огиод “Өвгөөн, наад ширээн дээрхээсээ аваад хийгээтэхээч”гэв. Хөххүү эзэрхэгээр дээш ахин сууж явган ширээн дээрх  шилтэйгүүдээс нэгийг авч, сурамгай гэгч эргэдэн онгойлгоод,  жаалхан ногоон хаш аяганд хийж өгвөл цаадах нь шалавхан авч хөнтөрөв. Тэгээд баруун гараараа нүдээ дарж хэсэгхэн азнаад тайвшрав бололтой, зочиндоо мөн булхалзуулан аягалаад барилаа.

-Эцэг өвгийн буянгүй хүн гэж энэ хорвоод байхгүй ээ, Зул аа.Байж л таарна. Алтан дэлхийд хүн болж төрчихөөд, амьдрахын буянгүй байвал хохь нь ээ. Хоёр борын буян гэж чи юугаа хэлээд байна!. Арай аа.., алцайн дахиа гайхуулаагүй биз дээ хө гэж агдагналаа.

-Үгүй ээ, юу л даа, Хөххүү минь. Би энэ айлын эхнэрийг хоёр бор морьтойгоо очиж авсан юм шүү дээ. Эцгийн минь унаган агт. Өчигдөр хүүгийн хурим дээр ингээд хэлтэл бас яг чам шиг ойлгодог улс байдаг юм байна. Би гэдэг чинь нүүрээ хийх газаргүй боллоо.Сандраад адуу,миний адуу.., гэж хэлээд санаа амарлаа. Юун нөгөө хүүхэд шуухаддаа ерөөл хэлэх, хэсэгтээ санаа бодол ээдээд үг хэл эвлэдэггүй ээ.Үртэй хүүхэдтэй, өнөр өтгөн, хүний дайтай яваагаа бодоод үг хэлье гэтэл, энийгээ очиж авахад инж бэлэг, эмээл хазаар, өнгө гэгээ болж явсан юм хойно , хоёр бороо л бодлоо, би чинь гэхдээ сая балгасан архиндаа бие тавирч, нар салхинд зүлгэгдсэнхүрэн шаргал царай нь шингэрч, хамартаа хөлс бурзайлгажээ.

Хөххүү байж ядтал пал пал инээн,

-Үнэн дээ хө. Аав ээжийн буян гэдэг чинь тамгалах унага, танантах хурганаас эхэлдэг юм гэж мишилзсэнээ, царайгаа төв болгон, харцны нь гүнд хилэн тодорч, харин чи намайг дайрч байна уу. Хөтлөөд оччих хос морь, хөөрөглөөд барьчих мана надад ч бас байгаагүй биш, байсан юм шүү. Цэнхэрийн голын… гээд үгээ зөөн эвлүүлж байтал  тэндээс Ившин,

-Одоо ингэж яриад хэрэггүй ээ, Хөххүү чи. Цэрэгт мордохынхоо урд орой чи манай гаднаас гэр лүүгээ мордсон ч, Цэгмид гуайн гадаа чиний морь уяатай хоносныг энэ голынхон бүгдээрээ мэднэ. Цэцэгээ охин нь  хүүхний зэрэгт хүрчихсэн байсан. Чамайг ирэхийг хүлээж байна гэж ярьдаг гэж цагаа нэрж, ус авахдаа авгай хүүхнүүдийн ярьдаг яриа энэ л байсан гэхэд хилсдэхгүй. Чих минь битүүрээгүй болохоор тэр болгоныг би дуулахгүй суух уу! гэж зоримог аргагүй хэлээд, зуухны урдаас огцом босч цайгаа самарлаа. Хаш аяганаас хоёронтоо суллаж, улирагч шөнийн уусан архины шид улбаа манарсан Хөххүү дороо л согтох янзандаа орж,

-Тийм байж. Хэлэх ч үг, хэлдэг л үг. Гэхдээ л, Цэнхэрийн голын ус урсдагаараа урсч, цэргээс Хөххүү ирдгээрээ л ирэх байсан юм шүү дээ гэж харамсал, гэмшил хосолсон өнгөөр хэлээд завилж суусан хөлийнхөө хоорондуур ширтэн, улирч одсон цаг зам дахь хувь заяагаа дэнслэх мэт таг дуугүй хэсэг болов. Хурууныхаа бөгжинд аяга харшуулан угааж, бяслаг шахдаг хэрхнэгэн цагаан даавуугаар гялалзтал арчиж суусан Ившин Хөххүү өөд нэг, нөхрөөдөө нэг хараад,

-Гурван жил гэдэг чинь гучин жил шиг хугацаа юм билээ. Үг ховын салхи ихтэй. Хүсэхэд, чамаас ганц ч захиа, үг хэл байдаггүй. Тэгээд халагдах хугацаа чинь дуусч, бас нэг жил өнгөрөөд,  дөрвөн жил болоход би горь тасрахгүй гээд яах билээ. Энэ Зул чинь бас хүн юм байгаа биз дээ. Дахиад энэ тухай нэг  ч үг битгий хэл. Болоод л өнгөрсөн хорвоо. Сайхан цай ууцгаа! гээд хоёр эрд шинэ цай аягалж бариад гарлаа.

Намрын дунд сарын сарын шинийн 17-ны их хурим найрууд одоо л нэг юм амсхийж, гүвээ толгодын энгэр хээлээр илбийн зэрэглээ бүжиглэн долгилоод, нам гүм, уцаар хүрэм халууны дундуур үе үехэн сэрчигнэх салхин хаялагаар царцаан царгиа нэг үе тодсон дуурсч, төдхөнөө анир алдрах авай.

Шандны боргионоос нэгнээдээ шүршиж өссөн үе тэнгийн нөхөр, одоо гэвэл нэгэнт дөчин нас хэвийсэн эр, эхнэр хоёрынхоо яриаг удтал дуугүй сонсож,бодлогоширон дүнсийж, бас ч зүгээргүй балгасаар суусан Зул сая сэхээ оров бололтой,

-Хөххүү өө, өвгөөн, согтохгүй шүү. Хоёулаа нэг тогтоочихъё гээд дахин нэг шинэ гүцтэйг задалж аягалаад барив. Ившинг гарснаас хойш эг маг болон, чимээгүй суусан хоёр халамцуу эр, ийм нэг сэдлийг хэн хэн нь хар аяндаа хүлээж байж, аягатай архиа нэгэн зэрэг ёроолыг нь гартал тогтоов. Эрчиндээ мөн дахин аягалж гуд гуд залгилав. Нэгмөсөн согтоцгоогоод ирэх нь тэр дээ. Зүрх чангарч, зориг зоолсон Зул сүрхий цэхлэн,

-Өв-гө-өөн, өвгөн чинь чамайг дөрөв дэх жилдээ орохоор Ившингийнхээ аавын гадаа дөрөө дуугаргасан юм аа. Аав нь ч, ээж нь ч намайг буруу хараагүй. Хөххүү ирнэ гэж хөөгөөгүй, туугаагүй. Ившин харин эхэндээ нүүр өгөөгүй шүү. Ирээгүй өдрүүд чинь алсрах тусам ээнэгшсэн байх аа, надад. Биднүүс ингэж нэг цайрцгаах учиртай байжээ. Өнөөдөр ингээд ороод ирдэг чинь яасан сайхан юм. Чамайг ирснээс хойш хорин жил саахалт явлаа. Айна гэхэд хаашаа, аягүй л байдаг юм, өөрийг чинь харахаар гээд ярьтал,хаашдаа согтож унах нь тодорхой болсон Хөххүү үгийг нь тасалж,

-Улаанбаатарын тэр муу шидлээс болж байгаа юм. Тэр муу-уу…, тэр муу-уу..гаас.  Хайран юм,  ээ-ээ.., хайран юм. Зул аа, чи ядахдаа, муу Хөххүүгээ хүүгийнхээ хуриманд уриад хөөрөг барьчихад яадаг байнаа…!

-Эгчийнх нь хүүхдийн хурим давхцаж байгаа гээд Ившин өгүүлээгүй ээ. Харин одоо хоёулаа хүүгийнд оръё гээд архи хийж өгтөл, Хөххүү  арай чүү аягатайг авч асган цутган бариад, дэлгээтэй үүдээр зэлний баас эврээж яваа Ившинг харан,

-Байж байхад бараа нь хаачихав, хөөрхий-ий гэж.., хэмээн хэдий их согтуу ч уяралтайхан ширтэж байснаа, толгойгоо эрүүл хүн шиг огцом татан харцаа Зул руу чиглүүлээд,

 – Ер нь би чамайг алнаа, ална  гэж давшилвал, гэрийн эзэн юу ч болоогүй мэт хэнэггүй, гөлгөр царайлан,ноомойхон:

-Ал л даа хө, ал. Гомдох юм алга. Равданг цэргээс ирэхээр л алаарай гэж суулаа. Энэ үед тарагны цагаан “сахал” живэртүүлсэн Равдан, аарцаг ухлаадсан задгай өмдөнийхөө завсраар хөөрхөн шөмбөгөр боожгойгоогоор зүггүйхэн годгодуулчихаад тэнтэр тунтар гишгэлэн ээжээдээн дөхөж, Цэнхэрийн голын ус тэртээ хөндийд мяралзанхан урсч байлаа.   

Баастын ЗОЛБАЯР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж