“Шударга ёс” сонгуульд хэрхэн оролцохоо шийдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2013.05.06-нд нийтлэгдсэн

“Шударга ёс” сонгуульд хэрхэн оролцохоо шийдвэрлэнэ

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж, Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын асуудал, Төрийн албаны тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах төслийн талаар хэлэлцэж, Уул уурхайн сайд Д.Ганхуягийн мэдээллийг сонссон байна.

Эвслийн гишүүдийн зүгээс Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нухацтай авч хэлэлцэх шаардлагатай гэсэн байр суурьтай байгаа аж. Ер нь чадварлаг, цомхон багаар төрийн ажлыг хийхийн тулд  хууль, эрх зүйн ямар зохицуулалт хийх шаардлагатай талаар ярилцсан байна. Ингээд төрийн  үйлчилгээний албыг Хөдөлмөрийн тухай хуулиар, улс төрийн албан хаагчийн албан тушаалыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулдаг байх нь зүйтэй гэдэг дээр санал нэгджээ.

Мөн эргэн төлөх нөхцөлтэйгээр хохирол барагдуулах тухай хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын  хохирлыг барагдуулах асуудлыг ярилцсан байна. Хохирол барагдуулах асуудлыг аль болох хурдан хугацаанд шийдвэрлэх ёстой гэж бүлгийн гишүүд үзжээ. Хохирол барагдуулах чиглэлээр улсын төсвөөс 36 тэрбум төгрөгийг эргэн төлөлттэйгээр олгосон ч үүнээс эргэж төлөгдсөн нь ердөө 11 тэрбум төгрөг гэнэ. Зөвхөн хадгаламжтай иргэдээс гадна улсын төсөв мөн хохирсон учраас хадгаламж зээлийн хоршоод дампуурсан хэргийн дараа эд хөрөнгийг хадгалсан, зарцуулсан асуудлыг эргэн харах шаардлагатай гэж үзсэн байна.

Үүний дараа бүлгийн хуралдаанаар эрдэс баялгийн бодлого, газрын тосны асуудлаарх Уул уурхайн сайд Д.Ганхуягийн мэдээллийг сонсчээ. Салбарын сайдын мэдээллээр ирэх 2016 онд багтаан Дархан-Уул аймагт нефть боловсруулах үйлдвэр барих бөгөөд одоогоор бэлтгэл ажил, санхүүжилттэй холбоотой асуудлыг бэлтгэж байгаа юм байна. Мөн ганцхан ОХУ-аас хамааралтайгаар нефтийн монопол үнэ тогтоох, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх зэрэг шатахууны үнээс хамаарч олон зүйл шалтгаалдгийг болиулах чиглэлд ажиллаж буйг Уул уурхайн сайд хэлсэн байна. Мөн  нүүрснээс шингэрүүлсэн түлш гаргах талаар хэд хэдэн үйлдвэр барих  төслүүд хийгдэж байгаа бөгөөд ТЭЗҮ-ийг боловсруулж буй ажээ.

Бүлгийн хуралдааны талаар бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээлэл өгөх үеэр “Шударга ёс” эвслээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг хэзээ тодруулах вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр “Хоёр намын зүгээс сонгуулийн хуулийн хугацаанд хуралдаж, асуудлаа шийдвэрлэнэ. Ойрын үед хоёр намыг удирдлагууд Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох, ямар хөтөлбөр дэвшүүлэн ажиллах талаараа хуралдаж, шийдвэрлэнэ” гэлээ.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж