Түүнчлэн УИХ-ын дэд даргын асуудлыг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх байсан ч МАН-ын зүгээс завсарлага авасан билээ. Энэ удаад ч мөн УИХ-ын 26-р тойрогт нэр дэвшиж, ялалт байгуулсан Д.Сумъяабазарын тангараг өргөх асуудлыг хэлэлцэхгүй бол УИХ-ын дэд даргын асуудлыг хэлэлцэх боломжгүй гэсэн байр сууриндаа хэвээр байгаа гэлээ. УИХ-ын дэд дарга С.Бямбацогт “26-р тойрогт ялалт байгуулсан Д.Сумъяабазарын тангараг өргөх асуудлыг СЕХ-ноос өргөн мэдүүлэх ёстой байдаг. Гэвч энэ асуудлыг улстөржүүлэн хойшлуулж байгаад МАН-ын бүлгийн зүгээс хариуцлагагүй алхам гэж үзэж байна. УИХ-ын дарга 76 гишүүнийг бүрдүүлэхэд анхаарал хандуулахгүй бол шат шатны байгууллагад хандах, Ерөнхийлөгчид хандах зэрэг улстөрийн акц зохион байгуулахад хүрнэ” гэлээ. Мөн “Хамгийн гол нь ард түмний сонголтыг хүндэтгэж, сонгогдсон гишүүдийг тангараг өргүүлэх нь зүйтэй гэдгийг МАН-ын бүлэг илэрхийлж байгаа” гэв.
УИХ дахь МАН-ын гишүүдээс сонгуулийн санал тоолох машиныг эргэлзээгүй болгохын тулд хуулийн төсөл боловсруулж байгаа гэнэ. Энэхүү хуулийн төсөлд санал тоолох машины дүн эргэлзээтэй болсон үед саналыг гараар тоолох тухай тусгасан бөгөөд боловсруулж дуусаад энэ долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна.