Ц.Баярсайхан: Бодлогод олон зүйл дутуу байна

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Ц.Баярсайхан: Бодлогод олон зүйл дутуу байна

УИХ-ын бүтцийн байгууллагуудаар Монголын төмөр замыг шинэчлэх, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын төслийг хэлэлцэж байна. УИХ-аар хэлэлцэж эхлээд удаагүй байгаа Төмөр замыг шинэчлэх, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын төслийн талаар гишүүд ямар байр суурьтай байгааг цувралаар хүргэж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүд төмөр замын сүлжээ буюу хойшоо, урагшаа чиглэл болон өргөн, нарийн царигийн аль нь Монголд ашигтай вэ гэсэн асуултад хариулт өгч байна.

Уншигч танд сануулахад, манай сайт Төмөр замын бодлого, шинэчлэлийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг явуулж байгаа бөгөөд үүнд хүн бүхэн нээлттэй оролцож, www.ardiin_mongolnet.mn болон info@news.mn гэсэн цахим хаягаар санал бодлоо ирүүлэх боломжтой юм.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан:

-Төмөр замын асуудал юунаас үүдэж гарч ирсэн бэ гэвэл Тавантолгой, Оюутолгойн ордуудыг ашиглахтай холбоотой. Эдгээрийг хэрхэн зөв ашиглах вэ гэдэг Монголын төрийн том бодлого байх ёстой.Одоогийн оруулж ирээд байгаа төмөр замын бодлогын баримт бичгээр бол Тавантолгойгоос Зүүнбаян, тэндээсээ Сайншанд-Баруун-Урт, Хөөт-Чойбалсан рүү төмөр зам тавьж, цаашаа Оросын төмөр замтай холбоод Хятадын хилийг тойрч Ванино гэдэг боомт хүргэнэ гэсэн зүйл байгаа.

Төмөр замын бодлого дээр олон зүйл дутуу орж ирсэн. Нэгд, транзит төмөр замын асуудал орж ирээгүй. Өнгөрсөн таван жил шахам ярьж байгаад АНУ-аас төмөр зам дээр 188 сая ам.доллар авахаар болоод байсан. Энэ мөнгөөр өртөө, зөрлөгүүдийг цэгцлэх, төмөр замын муруйлтыг эгцлэх, шинэ зүтгүүр авах, цаашдаа цахилгаан эрчим хүчтэй болгож нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, транзит ачааг нэмэгдүүлэх зорилготой байсан. Харамсалтай нь Оросын талын хувь нийлүүлэгчдээс шалтгаалаад энэ мөнгийг буцаасан. Транзит тээврээс бид уг нь уул уурхайн нэг ордыг ашигласнаас илүү хэмжээний орлого олох бололцоотой гэж ярьдаг. Гэвч баримт бичигт энэ талаар орж ирсэнгүй.

Эдийн засгийн байнгын хорооноос дэд бүтцийн чиглэлээр ажлын хэсэг гаргаад говийн дэд бүтцийн асуудлаар тогтоол гаргасан. Энэ тогтоолд Төмөр замын тээврийн хуулийн дагуу, өмнө нь Засгийн газраас өгсөн зөвшөөрлийн дагуу төмөр замыг барьж байгуулах ажлыг эрчимжүүлье. Шинэ чиглэл болгож Сайншанд руу төмөр зам татъя гэсэн чиглэлүүдийг баталсан.

Царигийн хувьд одоогийн байгаа төмөр замтайгаа холбох хэсгийг өргөн царигаар барих нь зүйтэй. Шинэ төмөр замыг ямар ачаа тээвэрлэж хаана хүргэх, бүтээгдэхүүнээ аль зах зээлд хүргэж борлуулах вэ гэдгээ харж байж царигийг шийдэх нь зүйтэй. Хятад руу шууд гаргах нүүрсний хувьд тээвэрлэх төмөр замыг өргөн царигаар барина гэвэл ашиг олох биш, ачаа сэлгэхдээ гол орлогоо алдана. Олон улсын ачаа тээврийн конвенциор бол хүлээж авч байгаа тал нь шилжүүлэн ачих байгууламжаа байгуулдаг. Энэ мэт ярих маш их зүйл бий. Би өөрөө ажлын хэсэгт орсон. Тавантолгойгоос Даланзадгад руу төмөр зам тавих ёстой гэсэн зарчмын байр сууртай байгаа. Өмнөговьчууд үүний үр шимээс хүртэх ёстой.  Боловсруулах үйлдвэр нутагтаа барьж ажлын байртай болох ёстой. Бүтээгдэхүүний заримыг Сайншанд руу тээвэрлэж боловсруулах ёстой. Би ийм л санал тавьж байгаа.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж